info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-04-07

Дугаар 143

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Н.Б д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Ц сайтын гүйцэтгэх захирал Ц.А өргөдөлдөө “...тус сайтад Түлэнхийн төвийн газраас хумсалсан ТББ-ын ард шүүгч хүн байх юм нэртэй нэвтрүүлэг нийтлэгдсэн. Энэ нь шүүгч Н.Б  юм. Эмнэлгийн байгууллагын газрыг шүүгч хүн хэсэгчлэн эзэмшсэн нь шүүгчийн ёс зүйд үл нийцэх тул шалгаж өгнө үү” гэжээ.

Шүүгч Н.Б  тайлбартаа “...тус нэвтрүүлэгт дурдсан “Х Ш” ТББ-ын ТУЗ-ийн дарга, мөн “Т У К” ХХК-ийн захирлаар нөхөр Г.Э ажилладаг. Би нөхрийн хувь эзэмшдэг компани болон ТББ-ын үйл ажиллагаанд оролцдоггүй, хувьцаа эзэмшдэггүй. Сайтын гомдлын дагуу АТГ уг асуудлыг шалгаж байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцдаа ямар нэгэн ёс зүйн зөрчил гаргаагүй болно...” гэжээ.

Илтгэгч гишүүний саналд: “...1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т шүүгч гэж хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилогдож, шүүгчийн тангараг өргөсөн, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа иргэнийг ойлгоно гэж тодорхойлсон бол мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т шүүгчид хориглох зүйл, 51.1-т ашиг сонирхлын зөрчил, 52.1-т шүүгч түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг, 53.1-т шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалтыг тус тус зохицуулсан бөгөөд эдгээрийг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулахаар хуулийн 55.1-т заасан.

Өргөдөл, мэдээлэлд шүүгч хуулийн дээрх зохицуулалтын алиныг зөрчсөн талаар дурдаагүй боловч “...Түлэнхийн эмнэлгийн газраас 2376 м.кв газрыг эзэмшиж, газар дээрээ 12 давхар орон сууц сүндэрлүүлсэн Х Ш ТББ-ыг Г.Э , Н.Б  нар эзэмшдэг...” гэсэн нь албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх агуулгатай байна.

Шүүгч Н.Б  нь “Т К” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг, “Х Ш” ТББ-г үүсгэн байгуулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

2. Газрын харилцааны талаар Нийслэлийн Засаг дарга нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх мөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр Газрын тухай хуулийн 21.2.3, 21.2.4.-т заасан.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ... дүгээр захирамжаар “Х Ш” ТББ-д 2375 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг дарга хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргасан, энэхүү захирамж хууль зөрчсөн гэж үзэж буй бол холбогдох этгээд нь энэ талаар хуулийн байгууллагад гомдол гаргах эрх нээлттэй.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1 дүгээр зүйлийн 50.1.1-т зааснаар шүүгч албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгохыг хориглосон. Өөрөөр хэлбэл, холбогдох шүүгч албан тушаал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж нөхөр Г.Э ын үүсгэн байгуулсан “Х Ш” ТББ-д 2375 м.кв газар эзэмших эрх олгосон нь тогтоогдсон тохиолдолд хуулиар хориглосон үйлдлийг зөрчсөн гэж үзнэ.

Хуульд заасан “...албан тушаал, эрх нөлөөгөө урвуулан ашиглах...” гэдэг нь эрүүгийн эрх зүйн ойлголт бөгөөд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд албан тушаалын байдал гэдэгт эрх нөлөө хамаарна, энэ хуульд заасан урвуулан ашиглах гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэжээ.

Нийслэлийн Засаг дарга “Х Ш” ТББ-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад шүүгч Н.Б  албан тушаал, эрх нөлөөгөө урвуулан ашигласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

4. Н.Б  шүүгчээр томилогдсоноос хойш өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө орлогыг зохих журмын дагуу мэдүүлсэн байна.

Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар Авлигатай тэмцэх газар албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт тавьж, дүн шинжилгээ хийж, илэрсэн зөрчилд хуульд заасан журмаар хариуцлага оногдуулах ба холбогдох шүүгч хөрөнгө орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй.

5. Шүүгч Н.Б  нь “Т У К” ХХК-ийн хувьцаа эзэмшдэггүй тул тус компаний бусад этгээдтэй байгуулсан иргэний эрх зүйн тодруулбал зээл, ажил гүйцэтгэх гэх мэт харилцаанд оролцсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд “...Т У К ХХК нь ... чиглэлийн 67 км замыг барихаар Хятадын ХХК-тай хамтарч ... банкнаас 17.3 тэрбум төгрөг авсан ч ажлаа хугацаандаа гүйцэтгээгүй гэх шалтгаанаар 2014 онд гэрээгээ цуцлуулж байсан...” гэх гомдол Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд 50.1-т заасан зөрчилд хамаарахгүй.

Дээр дурдсанаар шүүгч Н.Б  нь сахилгын зөрчил гаргасан гэх байдал тогтоогдоогүй тул түүнд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Ц сайтын гүйцэтгэх захирал Ц.А нь ... шүүхийн шүүгч Н.Б д холбогдуулан өргөдөл гаргасан. Шүүхийн сахилгын хорооны гишүүний  2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 416 дугаар захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

1.Өргөдөл дэх “...тус сайтад Түлэнхийн төвийн газраас хумсалсан ТББ-ын ард шүүгч хүн байх юм нэртэй нэвтрүүлэг нийтлэгдсэн. Энэ нь шүүгч Н.Б  юм. Эмнэлгийн байгууллагын газрыг шүүгч хүн хэсэгчлэн эзэмшсэн нь шүүгчийн ёс зүйд үл нийцнэ” гэх үндэслэлийн тухайд:

Өргөдөл, мэдээлэлд шүүгч дээрх хуулийн ямар зохицуулалтыг зөрчсөн талаар дурдаагүй боловч “...Түлэнхийн эмнэлгийн газраас 2376 м.кв газрыг эзэмшиж, газар дээрээ 12 давхар орон сууц сүндэрлүүлсэн Х Ш ТББ-ыг Г.Э , Н.Б  нар эзэмшдэг...” гэсэн нь албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх агуулгатай байна.

Газрын харилцааны талаар Нийслэлийн Засаг дарга нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх мөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр Газрын тухай хуулийн 21.2.3, 21.2.4.-т заасан. Энэ чиг үүргийн хүрээд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ... дүгээр захирамжаар “Х Ш” ТББ-д 2375 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байх ба Нийслэлийн Засаг дарга “Х Ш” ТББ-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад шүүгч Н.Б  албан тушаал, эрх нөлөөгөө урвуулан ашигласан гэж үзэх нөхцөл байдал сахилгын хэргийг шалгах явцад тогтоогдоогүй байна.

Харин Нийслэлийн Засаг даргын ... дүгээр захирамж хууль зөрчсөн гэж үзэж буй тохиолдолд холбогдох этгээд нь энэ талаар хуулийн байгууллагад гомдол гаргах эрх нээлттэй байна.

Н.Б  шүүгчээр томилогдсоноос хойш өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө орлогыг зохих журмын дагуу мэдүүлсэн байх ба Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар Авлигатай тэмцэх газар албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт тавьж, дүн шинжилгээ хийж, илэрсэн зөрчилд хуульд заасан журмаар хариуцлага оногдуулах ба холбогдох шүүгч хөрөнгө орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна.

            2. “...“Т К” ХХК-ийн хувьцааг Н.Б  шүүгч хамтран эзэмшдэг..., ...“Т К” ХХК-ийн ажил гүйцэтгэлийн мэдээг нягтлан үзвэл ... чиглэлийн 67 км замыг барихаар хятадын ХХК-тай хамтарч ... банкнаас 17.3 тэрбум төгрөг авсан ч ажлаа хугацаандаа гүйцэтгээгүй...” гэх үндэслэлийн тухайд:

            Хэрэгт авагдсан баримтаар шүүгч Н.Б  “Т У К” ХХК-ийн хувьцаа эзэмшдэггүй байх ба шүүгч Н.Б гийн гэр бүлийн хүн болох Г.Э ын үүсгэн байгуулсан энэхүү компанийн “...Хятадын ХХК-тай хамтарч ... банкнаас 17.3 тэрбум төгрөг авсан ч ажлаа хугацаандаа гүйцэтгээгүй гэх шалтгаанаар 2014 онд гэрээгээ цуцлуулж байсан...” гэх үндэслэлийн хувьд дээрх үйл баримтаас хойш буюу 2015 онд Н.Б  шүүгчийн албан тушаалд томилогдсон байна.

Шүүгч Н.Б  нь сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул түүнд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ... шүүхийн шүүгч Н.Б д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                        Д.МЯГМАРЦЭРЭН                        

ГИШҮҮН                                                  Ц.ДАВХАРБАЯР                                                                                        

С.ЭНХТӨР