МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-01-28
Дугаар 23
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Ариунтуяа нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхмэнд нарыг оролцуулан Шүүхийн сахилгын хорооны хуралдааны танхимд хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар сахилгын хэрэг үүсгэсэн захирамжтай, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай, Сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоожийн илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоож 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: Өргөдөл гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2012/ 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.2 дугаар зүйлийн 1-т “шүүгч нь хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор хандаж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны соёлыг эзэмшсэн байна”, 3.3 дугаар зүйлийн 2-т хэргийн оролцогчдын зүгээс шүүгчийг татгалзахад хүргэх нөхцөл байдлыг өөрийн үг яриа, үйлдлээр бий болгохоос урьдчилан сэргийлж, зайлсхийнэ” гэж тус тус заасан.
...шүүхийн ерөнхий шүүгч Ц.О- нь 2019.05.27-ны өдөр Ч.А-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг даргалсан байна. Энэхүү шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээс үзвэл, шүүгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, прокуророос асуулт асуухдаа ёс зүйн дүрмийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Тухайлбал, прокурор чи 9.5-г зөрчөөд байна...уншилдаа...9.5-аар хэн тогтоох ёстой юм,...өмгөөлөгчөө... надад хууль заах шаардлага байхгүй...та гэрээнд заасан ажиллагаа хийх ёстой л байсан ...шүүгдэгч ирээгүй бол дараа дараагийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөөд явуулах эрх нь прокурорт байсан, ...татгалзлаа бичгээр гаргаад өг гэх мэтээр харилцсан байна.
Түүнчлэн шүүгдэгч Ч.А-ийн тус шүүхэд 2019.06.04-ний өдөр гаргасан хүсэлтэд “...өмгөөлөгч Ч.А нь шүүгч О-аас татгалзаж, энэ 2 хүний хооронд маш таагүй харьцаа үүссэн, энэ байдал нь надад маш эвгүй сэтгэгдэл төрүүлж, шүүхээс оногдуулах ял шийтгэлд нөлөөлнө гэж их айж байгаа тул өмгөөлөгчөөсөө татгалзаж байна” гэжээ.
Хуралдаан даргалагч шүүгчээс хэргийн оролцогч, өмгөөлөгч, прокурортой харилцсан дээрх байдлыг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1-т заасан арга хэмжээг авсан гэж үзэх үндэслэлгүй.
Холбогдох шүүгч нь шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан зөрчлийг гаргасан боловч түүнд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байна.
Иймд түүнд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдлийг Сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоож 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад, мөн оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар захирамжаар ...-ийн Ерөнхий шүүгч Ц.О-д сахилгын хэрэг үүсгэсэн байна.
Өмгөөлөгч Ц.А-ээс шүүгч Ц.О- нь 2019.05.27-ны өдрийн шүүх хуралдааны үед өмгөөлөгч, хуралдаанд оролцсон прокурор нартай харьцахдаа загнасан буюу хэрэг шийдвэрлэх ажиллагааны хэм хэмжээг зөрчин шүүгч хүний зарчимч, төвийг сахих байдлыг алдагдуулж, өөрийн үг яриа үйлдлээрээ шүүгчээс татгалзах нөхцөл байдлыг бий болгосон гэсэн нь сахилгын тооцогдохоор байна.
Тус сахилгын хэрэгт ...-ийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/211 дугаар шийтгэх тогтоол, тус өдрийн шүүх хуралдааны бичлэг, өргөдөлд дурдсан талаарх бичлэгийн хэсгийг тэмдэглэсэн тэмдэглэл, шүүгдэгч Ч.А-ийн шүүхэд гаргасан өмгөөлөгчөөс татгалзсан хүсэлт тус тус нотлох баримтаар хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Ч.А нь энэ хэргийг шийдвэрлэхэд оролцож байгаа өмгөөлөгч Ц.А-ээс татгалзах болсон үндэслэлээ “...өмгөөлөгч А нь шүүгч Ц.О-аас татгалзан, энэ хоёр хүний хооронд маш таагүй харьцаа үүсэн, энэ байдал нь надад маш эвгүй сэтгэгдэл төрүүлсэн, шүүхээс оногдуулах ял шийтгэлд нөлөөлнө гэж маш их айж байна” гэжээ. Ийнхүү шүүгдэгч өмгөөлөгчөөсөө татгалзах сэтгэгдлийг шүүгч төрүүлсэн нь шүүх хуралдааны бичлэгээр давхар тогтоогдож байх тул тухай үед мөрдөгдөж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэнэ”, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.2 дугаар зүйлийн 1-т “шүүгч нь хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор хандаж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны соёлыг эзэмшсэн байна”, 3.3 дугаар зүйлийн 2-т хэргийн оролцогчдын зүгээс шүүгчийг татгалзахад хүргэх нөхцөл байдлыг өөрийн үг яриа, үйлдлээр бий болгохоос урьдчилан сэргийлж, зайлсхийнэ” гэснийг зөрчсөн гэж үзлээ.
Шүүгч дээрх сахилгын зөрчлийг гаргасан боловч Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойших 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэсэн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул энэ үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.6, 112.8 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ...-ийн Ерөнхий шүүгч Ц.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын* хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Д.МЯГМАРЦЭРЭН
Д.АРИУНТУЯА