info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-03-23

Дугаар 132

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн О.Номуулин, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч М.Б д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгч М.Б  тайлбартаа “... Л.О -с 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Шүүхийн ёс зүйн хороонд хандаж ирүүлсэн албан бичигт миний биеийг “М К К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, М, Т газар, О газар(тухайн үеийн нэрээр)-т холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэхдээ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн учир хариуцлага тооцуулах талаар дурджээ. Энэ нь дараах байдлаар үндэслэлгүй гэж үзэж байна.

1. ... банкны Хуулийн газрын захирлаар ажиллаж байсантай холбоотой асуудалд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4/-т “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох...” иргэний үндсэн эрхийг баталгаажуулсан бөгөөд миний бие энэ эрхийн хүрээнд 2009 оны 9 дүгээр сард ... банкны Хуулийн газрын захирлын албанд контракт гэрээ байгуулан ажиллаж, 2011 оны 3 дугаар сард уг ажлыг хүлээлгэж өгсөн билээ. Энэ хугацаанд тухайн банктай цэвэр ажил хэргийн буюу албаны харилцаатай байсан болохоос ямар нэгэн хувийн харилцаа байгаагүй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг; 3.1.3-т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг; 3.1.5-д “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг; 3.1.6-д “нэгдмэл сонирхолтой этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг”, 11 дүгээр зүйлийн 11,3-т “Албан тушаалтан тухайн албан тушаалд сонгогдох, томилогдохоосоо өмнө аж ахуйн нэгжийн удирдах, гүйцэтгэх, хяналтын байгууллагын гишүүн байсан бол нийтийн албанд орсон, эсхүл тухайн аж ахуйн нэгжтэй иргэний эрх зүйн аливаа харилцааг дуусгавар болгосноос хойш хоёр жилийн хугацаанд тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбогдох захиргааны шийдвэр гаргахыг хориглоно” гэж тус тус заасан. Миний хувьд нэгдүгээрт, тухайн банктай байгуулсан контракт гэрээг 2011 оны 3 дугаар сарын 25-нд дуусгавар болгосон тул дээрх хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3- т заасан хугацаа өнгөрсөн, хоёрдугаарт, тухайн банканд ах дүү, хамаатан садан буюу хамаарал бүхий этгээд байхгүй, тухайн банктай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбогдоогүй, хувь эзэмшдэггүй, цэвэр ажил хэргийн харилцаа үүсээд нэгэнт дуусгавар болсон учир мөн дээр дурдсан ашиг сонирхлын зөрчил үүсээгүй...Харин дээр дурдсан хуулийн 3.1.11-т “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг;” гэж зааснаар ашиг сонирхлын зөрчилтэй биш, ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал байсан учир энэ талаар би шүүх хуралдаанд уг хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө тайлбарлаж, татгалзлыг асуусан учир гомдолд дурдсанаар татгалзах боломж олгоогүй гэдэг нь үндэслэлгүй, хуралд оролцсон хариуцагчийн төлөөлөгч нар татгалзахгүй гэдгээ хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө илэрхийлсэн байдаг. Хэдийгээр хэргийн шийдвэрийн талаар энд тайлбарлах нь илүүц боловч гомдол мэдүүлэгч намайг шүүх бүрэлдэхүүнд орсноор хэргийн шийдлийг эрс өөрөөр гаргасан мэт тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. “М К К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, М газар, Т газар, О газарт холбогдох захиргааны хэргийн талаар захиргааны хэргийн 3 шатны шүүхийн нийт 6 шийдвэр гарсан, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ... тоот тогтоолоор “хангалттай нотлох баримт бүрдээгүй” гэдэг үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэснээс бусад 5 шүүхийн шийдвэр нь үндсэндээ нэхэмжлэлийн ихэнх шаардлагыг хангасан байдаг. Энэ нь тухайн шүүх бүрэлдэхүүнд М.Б  орсон эсэхээс үл хамааран (ялангуяа даргалагчийн хувьд хамгийн сүүлд санал хэлдэг) дээрх байдлаар шийдвэрлэгдэх байсан гэж бодож байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаар ... банк нь “М К К” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох талаар баримт байхгүй ч холбоотой гэж үзвэл уг банктай холбоотой зарим хэрэгт оролцож байсан, тухайлбал, ... нэхэмжлэлтэй, Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэх шүүх хуралдааныг даргалж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдэл гаргаж байсан. Миний бие болон манай гэр бүл, ах дүү, хамаатан садан ХХБ-д хувь эзэмшдэггүй, манай гэр бүл энэ банкнаас авсан зээл байхгүй, энэ банканд ажилладаг ах дүү, хамаатан садан байхгүй, хөлсний ажилтан байснаас өөр холбоо байхгүй учир надад ашиг сонирхлын зөрчил байхгүй, ЗХШХШТХ-ийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаас бусад тохиолдолд шүүгчийг татгалзан гарахыг хориглодог тул танхимын тэргүүний хувьд шүүх хуралдааныг даргалсан болно.

2.Миний эцэг “Ю” ХХК-д ажиллаж байсантай холбоотой асуудалд. Миний эцэг Д.М нь “Ю” ХХК-д 2011-2015 оны хооронд гүйцэтгэх захирал(түүний дээр ерөнхий захирал мөн ажиллаж, компанийг удирдаж байсныг дурдах нь зүйтэй)-аар ажиллаж байсан бөгөөд тухайн компанийн үүсгэн байгуулагч бус, хувь эзэмшдэггүй (Д.Б гэдэг 1 хүний үүсгэн байгуулсан компани), өөрөөр хэлбэл, мөн л хөдөлмөрийн харилцаатай хөлсний ажилтан юм. “М К К” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжпэгч нь М газар, Т газар, О газарт холбогдуулан 13 шаардлага гаргасан бөгөөд шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамаарах нотлох баримтуудыг цуглуулсан. Тийм учраас уг хавтаст хэрэгт цугласан баримтад нэхэмжлэгч компани “Э” ХХК-ийн 49 хувийг худалдан авахдаа эх үүсвэрээ ямар компаниудаас бүрдүүлсэн талаар нотлох баримт авагдаагүй юм билээ. Л.О мэдэгдлүүдээс харахад “Ю” ХХК нь дээрх эх үүсвэрийг бүрдүүлэхэд дамжуулан зээлдүүлэгчийн үүрэг гүйцэтгэсэн мэт, тодруулбал, “Ю” ХХК нь “М К К” ХХК-иар дамжуулан “Э" ХХК-ийн 49 хувиас тодорхой хувийг эзэмшээгүй, зөвхөн зээл авч, цааш олгосон буюу зээлийн харилцаа байсан гэж ойлгогдохоор байгаа. Миний эцэг тэр компанийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч биш учир гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэн өгснөөс хойш өдөр тутмын үйл ажиллагааны талаар огт мэдээлэлгүй, ялангуяа санхүү, гүйлгээнд оролцдоггүй тул дээрх гүйлгээний талаар өөрөө ч мэдээгүй, мэдээгүй учир надад мэдэгдээгүй, мөн миний хувьд энэ тухай сайд Л.О-ийн мэдэгдлээс мэдсэн учир тухайн үед татгалзах үндэслэл байхгүй, мөн хэргийг шийдвэрлэхэд огт нөлөөлөөгүй гэдгийг хариуцлагатайгаар дурдах нь зүйтэй. Угтаа миний эцгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад ажлаа өгсний дараа тухайн компанийн дансаар гүйлгээ хийгдэж өөр нэг компанид мөнгө орсон, тэр гүйлгээ авсан компанийн хэргийг шийдвэрлэхдээ (шүүгч) хүү нь татгалзах байсан (гүйлгээний талаар эцэг, хүү аль аль мэдээгүй байхад) гэсэн үндэслэлээр гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хэрэв ийм байдлаар хуулийн заалтыг хэт хавтгайруулан тайлбарлавал Монгол Улс, ялангуяа Улаанбаатар хот шиг “жижигхэн” газар хяналтын шатанд хэрэг шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн олдохгүйд хүрнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан иргэнийг шүүгчээр томилох талаар заасан, ийнхүү шүүгч болохын өмнө ажиллаж байсан байгууллагатай нь шүүгчийг насан туршийн “харьяалал” тогтоож, шийдвэрлэсэн хэрэгтэй нь холбогдуулан буюу хэргийг хянан шийдвэрлэсэн бүрэлдэхүүнд орсны төлөө, мөн өөрт нь таалагдахгүй шийдвэр гаргасан хэмээн шүүгчийг буруутгаж байгаад туйлын харамсаж байна. Иймд, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй тул сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Илтгэгч гишүүний саналд: “…М.Б  нь “М К К” ХХК болон ... банктай нэгдмэл сонирхолтой, хувь эзэмшдэг гэх нөхцөл байдал болон түүнийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Харин М.Б  нь 2009-2011 онд ... банканд ажиллаж байсан нь, мөн түүний хамаарал бүхий этгээд болох төрсөн эцэг Д.М нь “Ю” ХХК-ийн хувь эзэмшигч бус гүйцэтгэх захирлаар 2012 оноос 2017 он хүртэл хугацаанд ажилласан гэх боловч 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар тухайн хуулийн этгээдэд ажилласнаар түүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаа болох нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээллээр тогтоогдсон байна. Өргөдөлд дурдсан “Ю” ХХК-д шилжүүлсэн гэх 70.0 сая ам.долларын асуудалд М.Б , Д.М нар холбоотой эсэхийг шалгуулахаар 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Мөрдөн шалгах хэлтэст материалыг шилжүүлсэн байна.Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн ... дугаар хэрэгт “Ю” ХХК-тай холбоотой уг асуудлаар иргэн Д.М ээс гэрчийн мэдүүлэг авсан ба Д.М , М.Б  нарыг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаагүй байна”  гэжээ. Мөн “Ю” ХХК-иас ирүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 22/01 дугаар албан тоотод Д.М нь тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажиллаж байсан тухай захирлаар томилсон болон чөлөөлсөн тушаал, Нийгмийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаас үзэхэд 2021 оны 10 сар хүртэл шимтгэл төлөгдсөн байна. Д.М нь (Ю” ХХК- тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл, зөвлөхөөр одоог хүртэл ажиллаж байх бөгөөд тус компанийн хувь эзэмшигчээр бүртгэлгүй байх тул шүүгч М.Б ийн хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой аж ахуйн нэгж гэж үзэхээргүй байна.  Өөрөөр хэлбэл Нийтийн  албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаар Авлигатай тэмцэх газраас дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Шүүхийн сахилгын хороо нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шийдвэрлэсэн хэргийн үндэслэлд үнэлэлт дүгнэлт өгөх, шийдвэрийн үндэслэлтэй холбоотойгоор шүүгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж хариуцлага тооцох хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд шүүгчийн үйл ажиллагаатай холбоотой өргөдөл /гомдол/-д дурдсан үйл баримтуудад Шүүгчийн ёс зүйн дүрэм болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт хамаарахгүй, 55-р зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгч М.Б д холбогдох сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж, тус саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Шүүхийн ёс зүйн хороо /хуучнаар/ Л.О ээс ... шүүгч М.Б д холбогдуулан гаргасан гомдлыг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 30-нд гомдол хэлэлцэх хуралдаанаар шүүгч М.Б д сахилгын хэрэг үүсгэн, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Нийт гишүүдийн хуралдаанаар шүүгч М.Б ийн гомдлыг хянан хэлэлцэж, дахин шалгуулахаар буцаажээ. Шүүхийн ёс зүйн хорооны Нийт гишүүдийн хуралдааныг 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хийж, шүүгчийн гаргасан хүсэлтийн дагуу 62 дугаар магадлалаар хойшлуулж шийдвэрлэсэн байна. 

Шүүхийн сахилгын хорооны гишүүн  2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 60 дугаар захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Шүүгч М.Б  нь 2009-2011 онд ... банкинд ажиллаж байсан нь, мөн түүний хамаарал бүхий этгээд болох төрсөн эцэг Д.М нь “Ю” ХХК-ийн хувь эзэмшигч бус гүйцэтгэх захирлаар 2012 оноос 2017 он хүртэл хугацаанд ажилласан гэх боловч 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар тухайн хуулийн этгээдэд ажилласнаар түүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаа болох нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээллээр тогтоогдсон байна.

Өргөдөлд дурдсан “Ю” ХХК-д шилжүүлсэн гэх 70.0 сая ам.долларын асуудалд М.Б , Д.М нар холбоотой эсэхийг шалгуулахаар 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Мөрдөн шалгах хэлтэст материалыг шилжүүлсэн байна.

Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн .. дугаар хэрэгт “Ю” ХХК-тай холбоотой уг асуудлаар иргэн Д.М ээс гэрчийн мэдүүлэг авсан ба Д.М, М.Б  нарыг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаагүй байна”  гэжээ.

Мөн “Ю” ХХК-иас ирүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 22/01 дугаар албан тоотод Д.М нь тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажиллаж байсан тухай захирлаар томилсон болон чөлөөлсөн тушаал, Нийгмийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаас үзэхэд 2021 оны 10 сар хүртэл шимтгэл төлөгдсөн байна.

 Д.М нь “Ю” ХХК-н тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл, зөвлөхөөр одоог хүртэл ажиллаж байх бөгөөд тус компанийн хувь эзэмшигчээр бүртгэлгүй байх тул шүүгч М.Б ийн хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой аж ахуйн нэгж гэж үзэхээргүй байна. 

Өөрөөр хэлбэл Нийтийн  албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаар Авлигатай тэмцэх газраас дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ... шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа нэгдмэл ашиг сонирхол бүхий этгээдүүд нэгдэн “Э” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авахаар хөрөнгө босгохдоо “Ю” ХХК-иас 68 сая ам.доллар зээлсэн  гэх тухайд шүүгч М.Б : “...дээрх гүйлгээний талаар миний эцэг ч мэдээгүй, мэдээгүй учир надад мэдэгдээгүй...” гэж тайлбарласан нь  ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг бий болгож олон нийтийн зүгээс хардах үндэслэл бий болжээ.

Хэрэв шүүгч М.Б ийн аав Д.М ийн ажиллаж байсан байгууллага болон бусад этгээдүүдээр дамжуулж шүүн таслах ажиллагаанд нөлөөлсөн, шүүгчийг албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл харьяалах байгууллагаар шалгуулах эрх нээлттэй байна.

Шүүгч М.Б  дээрх маргааныг ... шүүхээр хянан шийдвэрлэх явцад  өөрт нь хамаарах дээр дурдсан тодорхой үйл баримт байсаар атал ... банктай хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосноос хойш Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглосон хугацаа өнгөрсөн тул ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй гэсэн тайлбар хэлж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт татгалзах хүсэлт гаргах бололцоо олголгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэх тухайд ... шүүхийн хяналтын шатны шүүхийн  2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн  шүүх хуралдааны 329 дүгээр тэмдэглэл болон 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны ... дугаартай бичлэгт авагдсанаар хуралдаан даргалагчаас тухайн хэргийн оролцогчдоос хуульд заасан татгалзал бий эсэхийг асууж шийдвэрлэсэн нь тогтоогдож байна.

...  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байхад хуралдааныг явуулсан гэх тухайд 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ... дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгдсэнээс үзэхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г ын хуралдаан хойшлуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хуульд заасны дагуу шийдвэрлэсэн байна.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдсан үндэслэлүүд Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т заасанчлан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасанчлан шүүгчийн ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэл нотлогдохгүй байх тул илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.... шүүхийн шүүгч М.Б д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                        Д.МЯГМАРЦЭРЭН                        

ГИШҮҮН                                                  О.НОМУУЛИН                                                                             

               Д.ЭРДЭНЭЧУЛУУН