info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-03-16

Дугаар 120

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Б.Сугар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч М.Б д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгч М.Б  тайлбартаа “...Хэргийн оролцогчдын хэн алинаас ямар нэгэн хүсэлт гаргаагүй байхад шүүгч М.Б  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэснийг удирдлага болгон 14738 дугаартай захирамжийг гаргасан гэх тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан ба хуулийн энэхүү зохицуулалт нь хэргийн зохигчоос шүүх хуралдаанд нотлох баримт гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан байхыг шаардахгүй...шүүх өөрийн гаргах шийдвэрийг мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хэрэгжүүлэхтэй шууд холбоотой, шүүхэд нотлох баримт бүрдүүлэх эрх хэмжээ юм. Иймд Ш.Б гийн “...хэргийн оролцогчдын хэн алинаас ямар нэгэн хүсэлт гаргаагүй байхад” гэх гомдол үндэслэлгүй байна. “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийг удирдлага болгон шинээр нотлох баримт шаардагдвал шүүгч ямар үндэслэл, шалтгааны улмаас, хэргийн аль оролцогчийн ямар үйл баримтыг тогтоох гэж байгаа талаар үндэслэлээ захирамжид заавал тусгах үүрэгтэй. Шүүгч М.Б гийн 14738 дугаартай шүүгчийн захирамжид шинээр шаардсан баримтууд чухам энэ хэргийг шийдвэрлэхэд ямар шаардлагатай, ач холбогдолтой байгаа талаар огт дурдаагүй байна” гэх тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. Шүүгчийн захирамжийн гол үндэслэл нь хөрөнгө болон хуулийн этгээдийн талаарх баримтыг шаардан авсан явдал байсан бөгөөд шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ... дугаар захирамжийн ...тодорхойлох хэсэгт талууд хэрхэн маргаж буй талаар тусгасан тул үндэслэх хэсэгт дээрх баримтуудыг гаргуулах шаардлагатай гэж үзсэн. Иймд “...шүүгчийн захирамжид шинээр шаардсан баримтууд чухам энэ хэргийг шийдвэрлэхэд ямар шаардлагатай, ач холбогдолтой байгаа талаар огт дурдаагүй байна” гэх гомдол үндэслэлгүй байна. “...шүүгч ямар үндэслэл, шалтгааны улмаас, хэргийн аль оролцогчийн ямар үйл баримтыг тогтоох гэж байгаа талаар үндэслэлээ захирамжид заавал тусгах үүрэгтэй гэх тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг төсөөтэй хэрэглэх боломжгүй бөгөөд шүүх зөвхөн тухайн хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна. Хуульд заагаагүй, зохицуулаагүй асуудлаар хуулийг төсөөтэй хэрэглэх боломжгүй байх тул иймд “...шүүгч ямар үндэслэл, шалтгааны улмаас, хэргийн аль оролцогчийн ямар үйл баримтыг тогтоох гэж байгаа талаар үндэслэлээ захирамжид заавал тусгах үүрэгтэй” гэх гомдол үндэслэлгүй байна. “...шүүгчийн захирамжийн хамгийн гол анхаарал татсан нэг ноцтой зүйл бол шүүгчийн лавлагааг нь шаардсан үл хөдлөх хөрөнгүүд, компанийн хувь эзэмшил, тээврийн хэрэгслийн өмчлөл, эзэмшлийн талаар, улсын бүртгэлийн талаар зохигчид огт маргадаггүй. Өөрөөр хэлбэл тухайн хөрөнгүүд хэн, хэний бүртгэлд бүртгэгдсэн байгаа талаар бүгд мэддэг, бүртгэлийн талаар маргадаггүй” гэх тухайд шүүх маргааныг хянан шийдвэрлэхэд шаардлагын үндэслэл болж буй тухайн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил болон хуулийн этгээд хэрхэн үүссэн талаарх холбогдох нотлох баримтыг холбогдох байгууллагаас шаардан авч буй нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хэрэгжүүлэхтэй шууд холбоотой...байх тул дээрх гомдол үндэслэлгүй байна. “...нэхэмжлэлийн шаардлагад дээрх хөрөнгүүдийг нэхэмжилсэн, шаардсан тухай зүйл огт байдаггүй. Нэхэмжлэлийн шаардлага нь хамтарч ажилласан гэх гэрээний ашгийн ногдох хувийг нэхэмжилж байна л гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага байгаа юм. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар ямар эрх зүйн харилцааны төрлийн маргаан үүссэн, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх, хангах, эсвэл эс хангах эсэхийг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад шүүгч нэхэмжлэлийн шаардлагаас илтэд хазайж, талуудын шаардаагүй нотлох баримтуудыг эрх бүхий байгууллагуудаас гаргахаар улайрч байгаа нь нэхэмжлэгчийн үндэслэлгүй нэхэмжлэлийг хангах чиглэлд ажиллаж байна гэж хардахаас өөр аргагүй байдалд биднийг оруулж байна" гэх тухайд нэхэмжлэгч Ш.Б  нь хариуцагч Ш.Б д холбогдуулан 600 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг ...шүүхэд гаргасан...Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон ...хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, хуулийн этгээдийн талаарх буюу өмчлөх, эзэмших эрх хэрхэн үүссэн асуудлыг тодруулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу холбогдох байгууллагаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан зүйл биш юм. Түүнчлэн, шүүх дээрх баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргуулж буй тул уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэхэмжлэлийг хангах буюу нэхэмжлэгчид үйлчилж буй гэж үзэх нь үндэслэлгүй тул дээрх гомдол үндэслэлгүй байна. “...шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад шүүгчийн захирамж биелэгдсэн” гэх үндэслэлийн тухайд ...Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүх хуралдаанд биечлэн оролцсон тул шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ... дугаар захирамжид гомдол гаргах 10 хоногийн хугацаа тухайн өдрөөс эхэлж, 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөр дуусгавар болж байсан. Шүүгчийн захирамжаар энэхүү хугацааг тооцоолж шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэлх хугацаагаар хойшлуулсан...Улмаар тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/03617 дугаар, 1/03616 дугаар албан бичгээр шүүгчийн захирамжийг холбогдох байгууллагад хүргүүлсэн бөгөөд Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 14 хуудас баримтыг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, мөн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 24 хуудас баримтыг, Авто тээврийн үндэсний төвөөс 4 хуудас баримтыг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, ...  дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 14 хуудас баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн.Хариуцагчийн өмгөөлөгч Л.Н  шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ...  дугаар захирамжид 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасны дагуу гомдол гаргасан байх бөгөөд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн... байх тул дээрх гомдол үндэслэлгүй байна. “...шүүгч М.Б гийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр даргалсан шүүх хуралдаанд гэрчээр Д.Д ыг асуусан юм. Гэрчийг асуухын өмнө шүүгч М.Б  “Хэргийн оролцогчид гэрчээс хөтөлсөн асуулт тавихыг хориглоно” гэдгийг анхааруулсан юм. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б гэрчээс “... тийм үү” гэх хэлбэрээр удаа дараа асуулт тавихад гэрч Д.Д  “Тийм” гэдэг нэг л үгээр хариулсаар байхад энэ хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоохоор оролдсон миний өмгөөлөгчийг загнаж хууль зөрчсөн, ноцтой шүүн таслах ажиллагаа явуулсан нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 -д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох;” гэх хориглосон заалтыг зөрчсөн” гэх тухайд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд Д.Д ыг гэрчээр асуусан бөгөөд ийнхүү гэрчийг асуух явцад миний бие ... зүй бус авирлаагүй. Мөн Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 -д заасан албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох, мөн зүйлийн 50.1.20-т заасан хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх зөрчил гаргаагүй. “...шүүх хуралдааны явцад миний өмгөөлөгч хэрэгт авагдсан зарим нэг нотлох баримтууд болох миний яриа гэх ярианы бичлэгийг надад мэдэгдэлгүй, нууцаар хийсэн гэх СД дэх бичлэгийг хуурамч нотлох баримт байх тул хуульд нийцэхгүй гэж үзээд нотлох баримтыг хуульд заасан шаардлага хангаагүй, хуульд заасан арга хэлбэрээр олж аваагүй үндэслэлээр нотлох баримтаас хасах тухай хүсэлтийг гаргасан боловч шүүгч учир битүүлэг шалтгаанаар бидний хүсэлтийг шийдвэрлэлгүй орхисон юм. Мөн Фэйсбүүк мессенжерийн зохиомол чат гэх нотлох баримтыг хуульд заасан арга хэлбэрээр бэхжүүлээгүй байх тул нотлох баримтаас хасах хүсэлт тавьсныг мөн шийдвэрлэлгүй орхисон...” гэх тухайд ...Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаан дуусах шатанд буюу нэмэлт тайлбартаа СД дэх бичлэг болон Фэйсбүүк мессенжерийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт нийцээгүйгээс гадна шүүх тухайн хүсэлтийг тусад нь шийдвэрлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаан нь хуульд заасан журам, дарааллын дагуу явагдах бөгөөд нэгэнт хүсэлт хэлэлцэх шат өнгөрсөн тохиолдолд тайлбарын хамт гаргаж буй хүсэлтийг тухайлан хэлэлцэх хууль зүйн боломж байдаггүй тул дээрх гомдол үндэслэлгүй байна. “...шүүгч М.Б  хэрэгт хувийн сонирхолтой, хэн нэгнээс хараат байдлаар ажиллаж байгаа” гэх тухайд Миний бие Ш.Б гийн нэхэмжлэлтэй, Ш.Б д холбогдох иргэний хэрэгт хувийн сонирхолгүй, хэн нэгнээс хараат байдлаар ажиллаагүй. Дээрх бүгдийг нэгтгэн тайлбарлаваас, шүүх хуралдаан даргалагч М.Б  миний бие Ш.Б гийн нэхэмжлэлтэй, Ш.Б д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох, мөн зүйлийн 50.1.7-д заасан шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх, мөн зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах, 50.1.20-т заасан хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх зөрчил гаргаагүй бөгөөд мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан шүүгчид хориглох зүйлийг зөрчөөгүй. Иймд дээрх үндэслэлээр Ш.Б гийн гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Илтгэгч гишүүний саналд: “…Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1.1-д “энэ хуулийн 55 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарахгүй бол” 105 дугаар зүйлийн 105.11-д “Сахилгын хэрэг үүсгэх тухай захирамж, тогтоол гаргаснаас хойш илтгэгч гишүүн 30 хоногийн дотор дараах дүгнэлт, саналын аль нэгийг ... гаргана.” гэж  хуульд заасан бөгөөд дээрх гомдлын үндэслэл нь энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарахгүй байна. Сахилгын хэрэгт цугларсан холбогдох баримтуудаар зөрчил тогтоогдоогүй тул шүүгч М.Б д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Иймд ...шүүхийн Ерөнхий шүүгч М.Б д Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 267 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Ш.Б  нь нь ...шүүгч М.Б д холбогдуулан өргөдөл гаргасан бөгөөд Шүүхийн сахилгын хорооны гишүүний  2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаар захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

...шүүхийн Ерөнхий шүүгч М.Б  нь Ш.Б гийн нэхэмжлэлтэй Ш-ийн Б д холбогдох 600,000,000 /зургаан зуун сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа бөгөөд өргөдөл гаргагчийн өргөдөл нь шүүгч  хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байгаа тул түүнд хариуцлага тооцуулах тухай агуулга бүхий байна.

Өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдагдсан “...Хэргийн оролцогчдын хэн алинаас ямар нэгэн хүсэлт гаргаагүй байхад шүүгч М.Б  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан...”, “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийг удирдлага болгон шинээр нотлох баримт шаардагдвал шүүгч ямар үндэслэл, шалтгааны улмаас, хэргийн аль оролцогчийн ямар үйл баримтыг тогтоох гэж байгаа талаар үндэслэлээ захирамжид заавал тусгах үүрэгтэй...атал тусгаагүй...”, “...шүүгчийн захирамжийн хамгийн гол анхаарал татсан нэг ноцтой зүйл бол шүүгчийн лавлагааг нь шаардсан үл хөдлөх хөрөнгүүд, компанийн хувь эзэмшил, тээврийн хэрэгслийн өмчлөл, эзэмшлийн талаар, улсын бүртгэлийн талаар зохигчид огт маргадаггүй...”, “...нэхэмжлэлийн шаардлагад дээрх хөрөнгүүдийг нэхэмжилсэн, шаардсан тухай зүйл огт байдаггүй...” гэх үндэслэлүүдийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасанчлан шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлсэн байх тул шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй.

Шүүгч гэрч Д.Д ыг гэрчээр асуух явцад “...нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан гэрчээс “... тийм үү?” гэх хэлбэрээр удаа дараа асуулт тавихад гэрч Д.Д  “Тийм” гэдэг нэг л үгээр хариулсаар байхад энэ хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоохоор оролдсон миний өмгөөлөгчийг загнаж хууль зөрчсөн, ноцтой шүүн таслах ажиллагаа явуулсан...”, “...үүнийг шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харж болно” гэх үндэслэлийн тухайд ...шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ... дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд өмгөөлөгч Б.Баатарсайхан гэрч Д.Д оос 15 асуулт асууж хариулт авсан байх бөгөөд гомдолд дурдсан тийм гэсэн нэг л үгээр бүр асуултад хариулсан хариулт шүүх хуралдааны тэмдэглэлд байхгүй байгаагаас дээрх үндэслэл тогтоогдохгүй байна.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдсан үндэслэлүүд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарахгүй байх ба шүүгч М.Б  сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэл нотлогдохгүй байх тул илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1....шүүхийн шүүгч М.Б д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                        Д.МЯГМАРЦЭРЭН                      

                                   ГИШҮҮН                                                  Б.СУГАР                                                                             

                               Д.ЭРДЭНЭЧУЛУУН