info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-03-17

Дугаар 127

Улаанбаатар хот

2022.03.17 127 дугаартай

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан, ...шүүхийн шүүгч Ё.Ц д холбогдох, Сахилгын хорооны гишүүний 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмгөөлөгч Б.Б Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ гаргасан өргөдөлдөө: “...2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Мобикомын нэр дээр бүртгэгдээгүй ... дугаараас миний өөрийн ... дугаарын утсанд дуудлага орж ирсэн... буцаагаад залгахад “Өмгөөлөгч Б юу, Ц  байна, таны шүүхэд өгсөн эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг харлаа, шүүх хуралдаанаар хэлэлцэх юм байна. Танай үйлчлүүлэгч Г хөдөө явж байгаа юу” гэхэд “Тийм, Г гуай ... аймагт сонгуулийн ажлаар явж байгаа” гэхэд хариуд нь “нэгэнт шүүхэд хэрэг түдгэлзүүлэх хүсэлт өгсөн, хүсэлтийг шийдвэрлэх үндэслэлтэй байх тул заавал Г ыг ирүүлэх гээд яахав” гэхэд нь би “за ойлголоо” гэсэн товч харилцан ярилцлага болсон. Уг дуудлага нь Ё.Ц  болох нь дууны өнгөнөөс тодорхой танигдаж байсан ба сүүлд нь шүүхээс дугаарыг давхар тодруулсан. Тухайн үед би Д.Г той шууд холбогдож чадахгүй байсан тул ... аймаг дахь сонгуулийн штаб руу холбогдож “...зарлагдсан шүүх хуралдаанд ирэх шаардлагагүй, санаа зоволтгүй” гэх үгийг дамжуулсан. Гэтэл 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгч Ё.Ц  нь өмнө нь утсаар ярьснаасаа тэс өөр байр суурь илэрхийлж, шүүх хуралдаан хойшлуулах тухай 2020/ШЗ/... дугаар захирамжаар “шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байгаа бөгөөд хойшид ч саад учруулж болзошгүй байх тул зарим шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг чангатгах нь зүйтэй” гээд “шүүгдэгч Д.Г од 10 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна” гэж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн. Шүүгч Ё.Ц  нь УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн шүүгдэгч нарыг цагдан хорих нөхцөл байдлыг анхнаасаа зохион байгуулалттайгаар бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл бүрдэж байна. Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгч рүү өөрийн санаачилгаар холбогдож “шүүх хуралдаанд ирүүлэхгүй байж болно” гэсэн мэдээллийг өгсөн атлаа үүнийхээ эсрэгээр шүүгдэгч шүүх хуралдаанд ирэхгүйгээр хурал хойшлуулсан гэх үндэслэлээр 3 хоногийн хугацаанд 10 тэрбум төгрөгийн барьцаа авах тухай биелэгдэх боломжгүй даалгавар өгч, улмаар уг барьцааг шүүхийн дансанд бүрэн байршуулах боломжгүйг мэдсээр байж таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж шалтаглан зөвхөн УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нарыг ялган цагдан хорих шийдвэр гаргасан. Монгол Улсын Эрүүгийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 2-т торгох ялын дээд хэмжээ нь 40 сая төгрөг байхад шүүхэд тогтоосон энэхүү барьцааны төлбөр нь түүнээс даруй 250 дахин өндөр байгаа нь үндэслэлгүй байсан. Шүүхэд итгэсэн өмгөөлөгчийн итгэлийг үгүй хийж өөрийн байр суурийг эрс тэс өөрчилж, шүүгдэгч Д.Г ыг шүүхэд ирээгүй гэж дүгнэн өндөр дүнтэй барьцаа авах, улмаар барьцааг байршуулаагүй гэж цагдан хорих шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүхэд итгэсэн өмгөөлөгчийн итгэл үнэмшлээс болж миний үйлчлүүлэгч Д.Г өнөөдрийг хүртэл цагдан хоригдоод байна. Зөвхөн иргэн Д.Г төдийгүй иргэн С.Б , Б.Б нар мөн шүүхийн энэ хуурмаг ажиллагааны хөлд чирэгдэж цагдан хоригдсоор байна. Нэр бүхий 7 шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэг нь 2 жил 6 сар гаруй хугацаанд шалгагдаж байгаа бөгөөд үүнээс Д.Г нь 2020 оны 2 сард буюу хэрэг шүүхэд шилжихтэй зэрэгцэн яллагдагчаар татагдсан байдаг. Иргэн Д.Г нь ганцаараа зөвхөн нэг өмгөөлөгч авсан, хэргийн материалтай бүрэн танилцах боломжоор хангагдаагүй байсан зэрэг сул талыг нь ашиглаж түүнийг шүүх хуралд саад учруулсан гэх нөхцөл байдал руу анхнаас нь оруулах зорилгоор дээрх үйлдлийг шүүгч хийсэн гэж хардах үндэслэлийг төрүүлж байна. Учир нь шүүхээс өмгөөлөгч над руу холбогдоогүй бол иргэн Д.Г 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр зарлагдсан шүүх хуралд ирэхээр төлөвлөсөн байсан. Иймд шүүхээс зарим шүүгдэгч нарыг цагдан хорих буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэх нөхцөл байдлыг санаатайгаар бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Эсхүл 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 15-ны хооронд шүүхийн хараат бус байдалд хэн нэгэн нь хөндлөнгөөс нөлөөлсөн байж болзошгүй юм. ...шүүхийн шүүгч Ё.Ц  нь хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг барьцаа авах таслах сэргийлэх арга хэмжээ болгон өөрчлөхдөө шүүх хурал хойшлуулах хүсэлт өгсөн хэргийн оролцогч нарт илэрхий ялгамжтай хандаж зарим шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн чангатгасан, түүнчлэн барьцаа байршуулаагүй гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон дахин өөрчлөхдөө мөн л тодорхой хэмжээний барьцаа байршуулсан шүүгдэгч нарыг ялгаварлаж зарим шүүгдэгч нарыг буюу УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн иргэдийг цагдан хорихоор шийдвэрлэсэн, ийнхүү шийдвэрлэхдээ УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг илэрхий зөрчсөн шийдвэр гаргасан. Шүүгчийн Ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 1, 2,  3.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 3.3 дугаар зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1-д тус тус заасныг  зөрчсөн гэж үзэж байна. Эцэст нь шүүх өөрөө шүүгдэгч нарыг хууран мэхэлж анхнаасаа зохион байгуулалттайгаар тэднийг сонгуулийн үеэр хорьж сонгогдох улс төрийн эрхийг хасаж байгааг ямар ч хуулийн үндэслэлээр зөвтгөх арга алга. Шүүхээс хууль зөрчин үндэслэлгүйгээр цагдан хорьж буй үйлдэл нь Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ болох Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцод заасан эрүүдэн шүүх нэг төрлийн хэлбэр болж байна. Иймд ...шүүхийн шүүгч Ё.Ц д зохих хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсье” гэжээ.

Шүүгч Ё.Ц  сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...... аймагт нэр дэвшигч Д.Г ыг сурталчилгаагаа хийж байгаа тул шүүх хуралдаанд ирүүлээд хэрэггүй, хаашдаа шүүх хуралдаан хойшилно” гэж хэлсэн явдал бол үнэн. Монгол Ардын намаас нэр дэвшигч тухайн үед шүүгдэгч байсан Ж.Эрдэнэбатыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэтэл хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон иргэдийн дунд “Монгол Ардын намаас нэр дэвшсэн хүнийг хорилоо. Ардчилсан намаас нэр дэвшигч шүүгдэгч Д.Г , С.Б  нар гадуур чөлөөтэй байна” гэсэн хэл, ам гарсны дагуу Д.Г , С.Б  нарыг шүүх хуралдаан хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно. Иймд шүүгч миний зүгээс ёс зүйн алдаа зөрчил гаргаагүй.” гэжээ.

Сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулууны сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...1/ Хэргийн оролцогчтой холбогдож төөрөгдүүлсэн мэдээлэл өгсөн тухайд: ...Шүүгч Ё.Ц  нь өмгөөлөгч Б.Б руу залгаж ярьсан гэдэг нь албан ёсны бичгийн баримтаар нотлогдохгүй байх боловч үүнийг шүүгч Ё.Ц  нь хариу тайлбараараа хүлээн зөвшөөрсөн буюу шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярааг төөрөгдүүлсэн буруутай байна гэж үзлээ. Өмгөөлүүлэх, хуль зүйн туслалцаа авах, мэтгэлцэх эрхийг бүрэн хангаагүй гэх тухайд: Шүүгч Ё.Ц  нь 2020 оны 06 дугаар сарын 15, 18, 22-ны өдрүүдийн шүүх хуралдаанд шүүгдэгч нарыг хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах, мэтгэлцэх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан гэх байдал энэ өдрүүдийн шүүх хуралдааны бичлэгүүдээс харагдахгүй байна. Мөн хуралдааны ирцтэй холбоотой шүүх хуралдаан хойшлох эсэхийг шийдвэрлэх гэж байхад өөр асуудал буюу таслан сэргийлэх арга хэмжээний тухай яриад байна, хуралдаан хойшилно гэж хэлсэн нь хуралдааны бичлэгээс харагдаж байна. Өмгөөлөгч нарыг өөр асуудал ярих гэхэд шүүгч “...та нар энэ асуудлаа гэм буруугийн шүүх хуралдаан дээр яриарай” гэж үгийг нь  тасалсныг  мэтгэлцэх эрхийг бүрэн хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэргийн оролцогч нарт тэгш бус хандаж байгаа тухайд: Хуралдаан даргалагч, шүүгч Ё.Ц  нь 2020 оны 06 дугаар сарын 15, 18, 22-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгээс харахад хэргийн оролцогч нарт тэгш бус хандан илэрхий ялгамжтай хандсан гэх байдал харагдахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1-д “шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээ авна”, 2-т “шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дэгийг сахиулах арга хэмжээ авч оролцогчид эрх, үүргийг тайлбарлана” гэж тус тус заасны дагуу шүүгч Ё.Ц  нь 2020 оны 06 дугаар сарын 15, 18, 22-ны өдрүүдийн шүүх хуралдаануудыг даргалан, явуулжээ. Өмгөөлөгч Б.Б гийн өргөдөлд “...шүүгч Ё.Ц г Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 2, 4, 3.3 дугаар зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1-д заасныг зөрчсөн” гэсэн байх боловч уг үйл баримт тогтоогдохгүй байна. Харин Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасан “шүүгч нь ...хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны соёлыг эзэмшсэн байна” гэснийг шүүгч Ё.Ц  зөрчжээ. Гэвч Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, мөн Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.17-д “шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй“ гэж тус тус зааснаар шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шүүгч Ё.Ц д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулав.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өмгөөлөгч Б.Б ийн өргөдөлд дурдагдсан шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэх цаг хугацаа 2020 онд хамаарч байх тул 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан бол Шүүхийн ёс зүй хороо, Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг Сахилгын хороонд шилжүүлнэ” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэж, харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 27 дугаар зүйлд Шүүгчид хориглох зүйл, 28 дугаар зүйлд Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт, 29 дүгээр зүйлд Шүүгчийн ашиг сонирхлын зөрчил, 30 дугаар зүйлд Шүүгч түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг тодорхойлсон бол хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэж заасан.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгдэгч С.Б  нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч Ё.Ц  нь өмгөөлөгч Б.Б ай утсаар холбогдож “...шүүгдэгч Д.Г ыг шүүх хуралдаанд ирүүлээд хэрэггүй, хаашдаа шүүх хуралдаан хойшилно” гэж хэлсэн атлаа ...шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар шүүгдэгч Д.Г од “...шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж саад учруулж байгаа...” гэх үндэслэлээр урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг чангатгаж 10 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх, үнэнч шударга байх, аливаа асуудалд бодитой, төвийг сахисан байр сууринаас хандах, хараат бус байх, үүрэг ажилдаа хариуцлагатай хандах, нууцыг задруулахгүй байх, мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ”, 2.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ” /Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1.9-д ”зохисгүй байдал” гэж хууль, хянан шийдвэрлэх ажиллагааны хэм хэмжээ, энэ дүрмийг зөрчсөн, эсхүл шүүгчийн хараат бус, зарчимч, төвийг сахих байдлыг алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг/, 3.2 дугаар зүйлийн 4-д “Шүүгч хэргийн оролцогчтой ганцаарчлан уулзаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн талаар ярилцаж болохгүй бөгөөд хэрэв албан ажлын зайлшгүй шаардлагын улмаас хэргийн нэг талыг байлцуулахгүйгээр нөгөө талтай уулзах бол шүүхийн туслах ажилтан байлцуулах бөгөөд уулзалтын агуулгын талаар тэмдэглэл хөтлөн хэрэгт хавсаргана” гэж заасан бөгөөд шүүгч нь шүүгдэгчийн өмгөөлөгчтэй өөрөө утсаар ярьж, шүүх хуралдаанд ирүүлэх шаардлагагүй гэсэн атлаа “шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж саад учруулж байгаа” гэх үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь дээр дурдсан дүрмийн зохицуулалтыг зөрчсөн зөрчил болно.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1-д “Шүүх дараахь үндэслэлийн аль нэг нь байвал яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана”, 1.1 “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан”, 1.2 “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа”, 1.3 “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа”, 1.4 “урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй” гэж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүдийг хуульчилсан байтал шүүгч Ё.Ц  “...Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон иргэдийн дунд “Монгол Ардын намаас нэр дэвшсэн хүнийг хорилоо, Ардчилсан намаас нэр дэвшигч шүүгдэгч Д.Г , С.Б  нар гадуур чөлөөтэй байна” гэсэн хэл, ам гарсны дагуу Д.Г , С.Б  нарыг шүүх хуралдаан хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно” гэж тайлбарлаж байгаа нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн байна.

Илтгэгч гишүүний саналд шүүгч Ё.Ц гийн өмгөөлөгч Б.Баяраатай утсаар ярьсаныг зөрчил мөн гэж зөв дүгнэсэн атлаа Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасан зөрчилд тооцсон, хуульд заагаагүй үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг зөрчилд тооцоогүй нь буруу боловч Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг зөв тайлбарлан хэрэглэж сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулууны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ...шүүхийн шүүгч Ё.Ц д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                         О.НОМУУЛИН

                        ГИШҮҮН                                                                 Д.АРИУНТУЯА

                      ГИШҮҮН                                                               Х.ХАШБААТАР