info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-03-16

Дугаар 121

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

 

          Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Ариунтуяа нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал, сахилгын хэргийн оролцогч А.А , С.Б , Ц.Д нарыг оролцуулан, ... шүүхийн шүүгч А.А , С.Б , Ц.Д нарт холбогдох, Сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өргөдөл гаргагч Б.Э Сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “...Б.Э надад ... шүүхийн шүүгч А.А , нийслэлийн хяналтын прокурор Б.Б нар хийгээгүй хэргийн зохиомол хохирогч Х.Б гэх хүний худал мэдүүлгээр 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын хууль тогтоомжид байхгүй ялаар яллаж надад 26 жил 1 сарын хорих ял өгсөнд гомдолтой байна. Б.Э миний эсрэг үгсэн тохиролцож хуулийн гаргалгааг буруу хэрэглэж эрх зүйн байдлыг минь дордуулж байгаа эвсэн нэгдсэн шүүх бүрэлдэхүүнийг сольж өгч, хэргийн бодит байдлыг үнэнээр нь тогтоож өгч чадах шударга шүүх бүрэлдэхүүн томилж өгөхийг Шүүхийн ёс зүйн хорооноос хүсэж байна. Б.Э миний шүүх хурал 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр болно. Надад амьдрал хайрлаач.” гэжээ.

Шүүгч А.А  сахилгын хороонд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э т холбогдох дараах гэмт хэргүүдэд “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол” гаргаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хянан шийдвэрлэж ... дугаартай шийтгэх тогтоолоор: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан /ганцаараа болон бүлэглэн биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж, хоёр түүнээс олон хүнийг худалдаалж үйлдсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон/ гэмт хэрэгт 8 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан /бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах байранд нэвтэрч үйлдсэн/ гэмт хэрэгт 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан /бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн/ гэмт хэрэгт 5 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан /хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн/ гэмт хэрэгт 5 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан /хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2.6 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг” 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн/ 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7 дахь заалтад заасан /хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг хоёр, түүнээс дээш хүнийг хүчиндэж, урьд энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байхдаа үйлдсэн/ гэмт хэрэгт 6 жил хорих ял тус тус оногдуулжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасны дагуу дээрх ялуудыг нэмж нэгтгэсэн билээ. Энэ шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 2-ны ... дугаартай магадлалаар хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно. ... шүүхийн шүүгч А.А  би Б.Э , Т.Э , Б.Б нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авсан. Шүүгдэгч Б.Э , Т.Э , Б.Б нар нь шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасныг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Ерөнхий шүүгчийн ... дугаартай захирамжаар “татгалзан гаргах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн. Мөн дахин шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүгч нарын зөвлөгөөнөөр хэлэлцэж 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 9 дугаартай тогтоолоор “шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна. Иймд шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйл, 10.3 дугаар зүйл, 10.4 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шийдвэрлэгддэг тул дээрх хуулийн заалтуудыг баримталж шийдвэрлэсэн болно” гэжээ.

 

Шүүгч Ц.Д сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Хэргийг анхан шатны шүүх хүлээн авч, шүүгч А.А т хуваарилагдсан бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Б , Ц.Д нар томилогдсон болно. Зөвлөлдөх тасалгаанд хэлэлцсэн асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “Шүүгчдийн зөвлөлдөх тасалгаанд хэлэлцсэн асуудлыг задруулж болохгүй” гэж заасан тул тайлбарлах боломжгүй юм. Шүүхийн дээрх шийдвэрийг хэргийн оролцогч нарын гаргасан гомдлоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн ... дугаартай магадлалаар хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг ... шүүх 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 743 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэглээтэй холбоотой буюу шүүгдэгч Б.Э нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн үйл ажиллагаа нь Шүүгчийн ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд, Монгол Улсын Шүүхийн Шүүгчийн Ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага. туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасан тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүгч С.Б  сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Зөвлөлдөх тасалгаанд хэлэлцсэн асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “Шүүгчдийн зөвлөлдөх тасалгаанд хэлэлцсэн асуудлыг задруулж болохгүй” гэж заасан тул тайлбарлах боломжгүй юм. Шүүхийн дээрх шийдвэрийг хэргийн оролцогч нарын гаргасан гомдлоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн ... дугаартай магадлалаар хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг ... шүүх 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 743 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэглээтэй холбоотой буюу шүүгдэгч Б.Э нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн үйл ажиллагаа нь Шүүгчийн ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд, Монгол Улсын Шүүхийн Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасан тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд:

“1/ Шүүгдэгч Б.Э нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг шийдвэрлэсэн, ... шүүхийн  2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ... хорих ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 26 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай” шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, 4-т “Хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэжээ. Өргөдөл гаргагч этгээдэд хорих ял оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт “... таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял ...”,   17.1            дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт “... хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял ...”, 17.2   дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэгт “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял ... ”, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт “... таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих...”, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,6, 2.7-д заасан гэмт хэрэгт “... таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял ...” оногдуулахаар зохицуулсан байх бөгөөд дээр дурдсан 6.8 дугаар зүйлийн 1 дэх заалтыг удирдлага болговол хамгийн хүнд ял болох арван хоёр жилээс хэтэрч болохгүй болох нь тогтоогдож байна. Анхан шатны шүүхийн тогтоолыг давж заалдсан шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч гомдолдоо мөн энэ талаар дурдсан байх ба Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай магадлалд “...анхан шатны шүүх Б Э т оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 5.6 дугаар зуйлийн 3 дахь хэсэгт заасан ерөнхий зарчмыг баримтлалгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн бүлэгт заасан хорих ялын дээд хэмжээнээс хэтрүүлж буюу 26 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэж дүгнэж, анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэжээ. Шүүх бүрэлдэхүүний энэхүү үйлдэл нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

2. ... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 8 дугаар тогтоолын хавсралт болох “Шүүгчид эрүүгийн болон зөрчлийн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах журам”-ийн 2.8-д “давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хүчингүй болж дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн хэргийг урьд шийдвэрлэсэн шүүгчид хуваарилна” гэж зааснаар ... шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолыг давах шатны шүүхээр хянан, дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэргийг шүүгч А.А  нь 2021 оны 04 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авсан ба ийнхүү урьд шийдвэрлэсэн шүүгчид хэрэг дахин хуваарилагдсан нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй.

3. Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  шүүгч оролцож болохгүй үндэслэлийг зохицуулсан. Өргөдөл гаргагч, өмгөөлөгч нь мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-т “өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол” гэж зааснаар “хуулийг буруу тайлбарласан, хүсэлт гаргах эрхийг хаан боогдуулсан, хэргийг бодитоор шийдвэрлэнэ гэдэгт итгэл төрөхгүй байна” гэсэн үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан хүсэлтийг гаргажээ. Хүсэлтийг ... шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах хүсэлт хянан шийдвэрлэсэн тухай ... дугаар захирамж, ... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор “хуульд заасан шүүгчээс татгалзан гарах үндэслэлд хамаарахгүй, шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг энэ хэрэгт хувийн сонирхолтой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй” байна гэж шийдвэрлэжээ. ...Шүүх бүрэлдэхүүнээс  болон шүүхээс татгалзах хүсэлтийг Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэсэн нь хуульд нийцэх тул сахилгын зөрчил гэж үзэх үндэслэлгүй байна.

Дүгнэлт: Давж заалдах шатны шүүх хэргийг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хэлэлцсэн, тухайн шүүх хурал хийгдэх хүртэл анхан шатны шүүхийн тогтоол хүчинтэй байсан, өргөдлийн агуулга давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэн анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон үйл баримттай холбогдох тул 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө. Монгол улсын Үндсэн хуулийн Гуравдугаар бүлгийн Тавин хоёрдугаар зүйлийн 1-д “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, ...хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1-д “Шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана. Шүүх хуралдаан даргалагч зөвлөлдөх тасалгаанд санал хураах, шийдвэр гаргах ажиллагааг удирдан явуулж, олонхын саналаар шийдвэр гаргана”, 2-т “Зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэх асуудлын талаар шүүгч бүр санал гаргах тэгш эрх, үүрэгтэйгээр оролцож, өөрийн санал, байр сууриа чөлөөтэй илэрхийлж, тайлбарлана”, 4-д “Зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэсэн асуудлаар цөөнх болсон шүүгч тусгай саналаа бичиж шүүхийн шийдвэрт хавсаргах...”, 8-д “Шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхээр зөвлөлдөх тасалгаанд дараах асуудал тус бүрээр хэлэлцэнэ: 8.2 “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ,...” гэж зохицуулсны дагуу дээрх хэргийг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн тул хэргийг шийдвэрлэсэн бүрэлдэхүүнд сахилгын хэрэг үүсгэсэн нь хуульд нийцнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар бүлгийн Дөчин есдүгээр зүйлийн 1-ийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах” заалт нь бусад нарийвчлан зохицуулж байгаа хуулийн суурь үндэс, тодруулбал Монгол улсын Шүүхийн тухай хуулийн “шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах” зарчим, Эрүүгийн хуулийн “хууль ёсны болон шударга ёсны” зарчим болж хэрэгждэг, шүүх гагцхүү хуульд захирагдах зарчим, Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутай этгээдэд ял шийтгэл оногдуулан ерөнхий болон тусгай ангийн заалтыг хэрэглэхдээ хуулийн тодорхой заалтыг зөрчсөн буруутай үйлдэл тогтоогдож байна. Шүүгч нь гагцхүү хуульд захирагдах үүрэгтэй бөгөөд хуулиар эрх олгоогүй буюу хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан /16 дугаар зүйлийн 16.13-д заасан үндсэн эрх болох халдашгүй, чөлөөтэй байх/ эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “шударгаар ял оногдуулах” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй, мөн хуулийн 1.8 дугаар зүйлд заасан “Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч ...хорих, ...эрх чөлөөг нь хязгаарлах, ...эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн ноцтой зөрчил байна. Иймд, ... шүүхийн шүүгч А.А , С.Б , Ц.Д нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзлээ. Тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасны дагуу шүүгчид зөвхөн хуульд заасан үндэслэл, журмаар сахилгын шийтгэл оногдуулах бөгөөд мөн 57.1.7-д “энэ хуулийн 50.1.6, 50.1.10, 50.1.12, 50.1.23, 50.1.39, 52.1-д заасан зөрчилд хаалттай сануулах, эсхүл нээлттэй сануулах, эсхүл цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, эсхүл огцруулах”-аар заажээ. Иймд шүүгч А.А , С.Б , Ц.Д нарын сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хорооны гишүүний нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Иргэн Б.Э ийн өргөдөл, мэдээллийн агуулгаас үзвэл “... шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/909 дүгээр шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ хуульд байхгүй 26 жил 1 сарын хорих ял оногдуулсан” гэх үндэслэлээр ... шүүхийн шүүгч А.А т холбогдуулан гомдол гаргажээ.

Шүүгч А.А т сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагааны явцад дээрх шийтгэх тогтоолыг гаргасан бүрэлдэхүүний шүүгч С.Б , Ц.Д нарт сахилгын хэрэг үүсгэсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4-д “Сахилгын хорооны хуралдаан зарлахаас өмнө өргөдөл, мэдээлэлд дурдагдаагүй шүүгчийн сахилгын зөрчлийн шинжтэй үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэх явцад илэрсэн бол тухайн шүүгчид сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна” гэж заасантай нийцсэн байна.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ... шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/909 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Э ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан /ганцаараа болон бүлэглэн биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ оруулан элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж, хоёр түүнээс олон хүнийг худалдаалж үйлдсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон/ гэмт хэрэгт 8 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан /бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах байранд нэвтэрч үйлдсэн/ гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан /бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн/ гэмт хэрэгт 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан /хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн/ гэмт хэрэгт 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7 дахь заалтад заасан /хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг хоёр, түүнээс дээш хүнийг хүчиндэж, урьд энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн үйлдсэн/ гэмт хэрэгт 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан /хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн/ гэмт хэрэгт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар /8 цагийг нэг хоногоор тооцож 30 хоногоор тогтоосон/  тус тус шийтгэсэн байх ба хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 26 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ДШМ/210 дугаар магадлалаар “...анхан шатны шүүх Б.Э т оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ерөнхий зарчмыг баримтлалгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн бүлэгт заасан хорих ялын дээд хэмжээнээс хэтрүүлж буюу 26 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэж дүгнээд хүчингүй болгож, шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Дээр дурдсан 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/909 дүгээр шийтгэх тогтоолыг гаргахдаа шүүгч зөрчил гаргасан гэх өргөдөл, гомдлыг шийдвэрлэхэд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ...” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэж, харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 27 дугаар зүйлд Шүүгчид хориглох зүйл, 28 дугаар зүйлд Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт, 29 дүгээр зүйлд Шүүгчийн ашиг сонирхлын зөрчил, 30 дугаар зүйлд Шүүгч түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг тодорхойлсон бол хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэж заасан тул нэр бүхий шүүгч нарыг дээрх хууль, дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, 6.8 дугаар зүйлийн 3-д “Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”, “Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг”, “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-ийн бүлгийн зүйл хэсгээр ял шийтгүүлсэн, тухайн бүлгийн хамгийн хүнд ял нь 20 жил хүртэл хугацаагаар эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээр тогтоожээ.

Гэтэл шүүгдэгч Б.Э ийн биечлэн эдлэх ялыг 26 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь дээр дурдсан хугацаатай хорих ялын дээд хэмжээнээс хэтрүүлсэн зөрчил байх ба үүнийг сахилгын хэргийн оролцогч нар зөвшөөрсөн, давж заалдах шатны шүүхийн магадлалаар нотлогдсон.

Иймд Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх, үнэнч шударга байх, аливаа асуудалд бодитой, төвийг сахисан байр сууринаас хандах, хараат бус байх, үүрэгт ажилдаа хариуцлагатай хандах, нууцыг задруулахгүй байх, мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ”, 3.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

Илтгэгч гишүүн нотлох дүгнэлтдээ нэр бүхий шүүгч нарыг Эрүүгийн хуулийг зөрчсөн талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн ч “...Давж заалдах шатны шүүх хэргийг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хэлэлцсэн, тухайн шүүх хурал хийгдэх хүртэл анхан шатны шүүхийн тогтоол хүчинтэй байсан ...тул 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө” гэж дүгнэснийг хүлээн авах боломжгүй. Тодруулбал,

Шүүгчийн сахилгын зөрчил нь санаатай буюу болгоомжгүй хэлбэрээр, идэвхтэй үйлдэл болон эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд ийнхүү эрх зүйн зөрчлийн бүрэлдэхүүний объектив талын шинж нь үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх тохиолдолд зөрчилд тооцох эсэх, хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.

Иймд зөрчлийн үр дагавар үргэлжилсэн цаг хугацааг зөрчил үйлдсэн цаг хугацаатай адилтган ойлгох боломжгүй болно.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэр бүхий шүүгч нар Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн боловч Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан байх тул шүүгч А.А , С.Б , Ц.Д нарын 2020 онд гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаярын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хүчингүй болгож, ... шүүхийн шүүгч А.А , С.Б , Ц.Д нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                   О.НОМУУЛИН

                        ГИШҮҮН                                                           Х.ХАШБААТАР

                       ГИШҮҮН                                                         Д.АРИУНТУЯА