МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-03-03
Дугаар 99
Улаанбаатар хот
2022.03.03 99 дугаартай
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Ариунтуяа нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан, ... шүүхийн шүүгч Р.Б т холбогдох Сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн А.О Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ гаргасан өргөдөлдөө: “...... шүүх дээр Ц.О нарын нэхэмжлэлтэй хариуцагч А.Б нарт холбогдох 2018 оны 09 дүгээр 21-ний өдрийн “Х Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хууль бус болох, хурлаас гаргасан тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэж байгаа билээ. Шүүх хуралдаан 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр сум дундын шүүх дээр шүүгч Р.Б нь нэхэмжлэгч болох Ц.О гийн эрх ашигт илтэд үйлчилж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа. Шүүгч хэргийн нотлох баримтыг үнэлэхдээ хавтаст хэрэг дээр Ц.О гийн хууль зөрчин тодруулж тэмдэглэл хийсэн бичгийн нотлох баримтуудыг түүний талд ашигтайгаар үнэлсэн. Мөн шүүх хурлын явцад нэхэмжлэгчийн танилцуулах үүрэгтэй нотлох баримтуудыг өөрөө уншиж танилцуулж байсан. Нотлох баримтуудыг шинжлэхдээ нэхэмжлэгч болох Ц.О д илт давуу байдал олгож цаг хугацааны хувьд илүү боломж олгон удаан хугацаагаар түүнд ашигтай нотлох баримтуудыг судалж байсан. Түүнчлэн сум дундын шүүхийн нэг ажилтан нь нэхэмжлэгч нарын нэг төлөөлөгч болох Н.Д “нөгөө хүнтэйгээ ярьсан биз дээ. Зулаа хуралд орох юм байна шүү дээ” гэж ярин хувийн харилцаа тогтоосон нь илт харагдаж байсан. Энэ бүгд нь шүүгч маргааныг шийдвэрлэхдээ хэт нэг талын эрх ашгийг хамгаалан, хууль бус нотлох баримтуудыг үнэлэн нэг талд ашигтай шийдвэрлэж ёс зүйн зөрчил гаргасан тул хариуцлага тооцож өгнө үү” гэжээ.
Шүүгч Р.Б тайлбартаа: “...Миний бие Ц.О нарын нэхэмжлэлтэй А.Б нарт холбогдох "Х Х" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хууль бус болохыг тогтоолгох тухай иргэнийг ... шатны шүүхээс хүлээн авч хянан шийдвэрлэсэн. Тус хэргийг миний бие хуульд тулгуурлан өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон шийдвэрлэсэн бөгөөд А.О гийн бичсэнчлэн хэн нэгний эрх ашигт үйлчилсэн зүйл огт байхгүй болно. Тус хэргийн шүүх хуралдаан болсон өдөр буюу 2019.08.12-ны өдөр тухайн хэргийн зохигч болох нэхэмжлэгч Ц.О , Н.Д , хариуцагч А.Б , А.О нарыг анх харсан. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар шүүх шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд энэ үүргийн дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, зохигч хүсэлт гаргасан тохиолдолд бүрэн эхээр уншиж сонсгосон болохоос хэн нэгний талд үйлчилж нотлох баримтыг шинжлэн судалсан зүйл байхгүй. Шүүх хуралдаан хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан болох нь шүүх хуралдааны бичлэгээс тодорхой харагдана. Дээр дурдсанчлан хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн хуульд захирагдаж өөрийн дотоод итгэлээр хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шийдвэрээ гаргасан ба хэн нэг нь нөлөөлсөн, нөлөөнд автсан зүйл байхгүй гэдгийг дахин хэлье. Гомдолд дурдагдсан “шүүхийн нэг ажилтан” гэж хэнийг хэлж байгаа болон хэнтэй юун талаар ярилцсан болохыг миний бие мэдэхгүй тул үүнд тайлбар хийх боломжгүй байна. Тухайн өдөр /шүүх хуралдаанаас өмнө/ өөрийн найз, болон гэр бүлийн хүнтэйгээ утсаар ярилцсан. Шаардлагатай гэж үзвэл миний гар утасны дуудлагын жагсаалт, харилцсан захидлын талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан өгч болно...” гэжээ.
Сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулууны сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Тодруулагчаар тэмдэглэл хийсэн нотлох баримтыг нөгөө талд ашигтайгаар үнэлсэн гэх тухайд: Тус 4 хавтас иргэний хэрэг ... шүүхэд ... аймгийн шүүхээс шилжин иржээ. ... ... аймгийн шүүхээс 4 хавтас иргэний хэрэг шилжин ирэхдээ дээр дурдсан баримтууд тодруулагчаар будсан байдалтай ирсэн гэсэн бөгөөд шүүгч Р.Б нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тодруулагчаар будаагүй гэж үзэхээр байна. Шүүгч Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014.05.19-ний өдрийн 104 дүгээр тогтоолын хэсгээс үндэслэх хэсэгт дурдсан байна. Гэхдээ уг тогтоолын 7, 8 дугаар хуудас дах тодруулагчаар будсан хэсгийг болон бусад 1, 2, 3 дах хавтаст хэргүүдэд тодруулагчаар будсан байгаа баримтуудыг 2019.08.12-ны өдрийн 00114 дүгээр шийдвэр гаргахдаа үндэслэл болгоогүй болох нь нотлогдож байна. Гомдолд “шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн танилцуулах үүрэгтэй нотлох баримтуудыг өөрөө уншиж танилцуулж байсан, нотлох баримтуудыг шинжлэхдээ нэхэмжлэгч болох Ц.О д илт давуу байдал олгож цаг хугацааны хувьд илүү боломж олгон удаан хугацаагаар түүнд ашигтай нотлох баримтуудыг судалж байсан” гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж зааснаар шүүгч Р.Б нь хэрэгт цугларсан нотлох баримтыг өөрийн дотоод итгэл үнэмшлээр үнэлэн шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм. Шүүхийн ажилтан нэхэмжлэгч нарын нэг төлөөлөгчтэй утсаар ярьж, хувийн харилцаа тогтоосон гэх тухайд: Шүүгч Р.Б ... аймгийн шүүгч асан Б.С, иргэн Н.Д нартай шүүх хуралдааны өмнө утсаар ярьсан гэх асуудал нь шүүгчийн ... дугаарын ярианы биллээр үгүйсгэгдэж, тэдгээртэй утсаар яриагүй болох нь шалгалтаар тогтоогдож байна. Гомдолд “...хурал болохын өмнө би үүдний сандал дээр сууж байхад Н.Д эмээтэй шүүхийн нэг ажилтан ирж яриад өө та тэр хэн гээд нэрийг нь хэлээд тэр туслах орно гэж ярьж байсан. Тэгснээ зүгээр байхаа гэж ярьж байснаа Д эмээ нүд амаа ирмэхэд нь нөгөө хүн нь босоод явсан. Тэр сандлын зураг камерт бичигдсэн байхад яагаад тэр хүмүүсийн ярьсан суусан нь байхгүй гээд байгаад туйлын хардах сэтгэл ихээр төрж байна.” гэжээ. ... шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Батжавхлан “...шүүхийн байрны коридорт байрлуулсан хяналтын камерын бичлэг нь 20-иод хоног хадгалагдаад хард дискийн багтаамжаас шалтгаалан устгагддаг” гэсэн тайлбараар дээрх үйл явдлыг нотлох боломжгүй болсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нотлох баримтыг шинжлэн судалж, тус хэрэг маргааныг хянан шийдвэрлэж шийдвэр гаргажээ. Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дах заалт, мөн Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51, 52, 53 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг шүүгч Р.Б зөрчөөгүй гэж үзсэн тул түүнд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн А.О гийн өргөдөлд дурдсан шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэх цаг хугацаа 2019 онд хамаарч байх тул 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ...” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэж, харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 27 дугаар зүйлд Шүүгчид хориглох зүйл, 28 дугаар зүйлд Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт, 29 дүгээр зүйлд Шүүгчийн ашиг сонирхлын зөрчил, 30 дугаар зүйлд Шүүгч түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг тодорхойлсон бол хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэж заасан.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ... шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ... дүгээр шийдвэрээр Н.Д нарын нэхэмжлэлтэй, А.Б нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба дээрх шийдвэрийг гаргасан шүүгч Р.Б т холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О гомдол гаргаж, үндэслэлээ “...нэхэмжлэгч Ц.О гийн хууль зөрчин тодруулж тэмдэглэл хийсэн бичгийн нотлох баримтуудыг түүний талд ашигтайгаар үнэлсэн, нэхэмжлэгчийн танилцуулах үүрэгтэй нотлох баримтуудыг өөрөө уншиж танилцуулсан, хэт нэг талын эрх ашгийг хамгаалан хууль бус нотлох баримтуудыг үнэлж нэг талд ашигтай шийдвэрлэсэн” гэж тодорхойлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 110 дугаар зүйлийн 110.1-д “Шүүх хэрэгт цугларсан эд мөрийн баримт болон баримт бичгийг судалж, шаардлагатай бол хэргийн оролцогч, гэрч, шинжээчийн хүсэлтээр бичмэл нотлох баримтыг шүүх хуралдаанд уншиж сонсгон, эд мөрийн баримтыг танилцуулна” /2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ гэж заасан тул хууль хэрэглээтэй холбоотой, нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэнтэй холбоотой шүүгчийн үйл ажиллагааг сахилгын болон ёс зүйн зөрчил гэж тодорхойлох боломжгүй, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд Сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй бөгөөд шүүгч шүүх хуралдаанд нотлох баримтыг шинжлэн судалж, уншиж танилцуулсан нь хууль зөрчөөгүй байна.
Түүнчлэн, “...шүүхийн ажилтан нь нэхэмжлэгчийн төлөөлөгчтэй хувийн харилцаа тогтоосон нь илт харагдаж байсан” гэх гомдлыг шалгахад нотлогдоогүй, “...нэхэмжлэгчийн тодруулагчаар тэмдэглэл хийсэн нотлох баримтыг түүний талд ашигтайгаар үнэлсэн” гэх гомдлыг шалгахад нэхэмжлэгч болон шүүгч тодруулсан нь нотлогдохгүй, уг тодруулагчаар будсан хэсэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэж үзэхээргүй, энэ талаар илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.
Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулууны 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Р.Б т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Х.ХАШБААТАР