info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-03-02

Дугаар 96

Улаанбаатар хот

2022.03.02 96 дугаартай

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан,  ...шүүгч Б.У д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн О.Д  Сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “...шүүгч Б.У  нь хэргийн оролцогчийг эвлэрч хүсэлт гаргаагүй байхад хүчээр эвлэрүүлэх хугацаа олгож шүүх хуралдааныг хойшлуулсан. Уг шүүх хурал 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 14.30 минутад болсон бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 11.00 цагт танилцах гэсэн боловч гаргаж амжаагүй байв. Иймээс миний бие шүүгчийн туслахтай Б.У  шүүгчийн өрөөнд орж захирамжаа гаргаж өгвөл танилцмаар байна гэсэн боловч “Чи битгий дарвалзаад байгаарай гэж” шүүгчийн туслахын хажууд /Ж.Б / хэлсэн. Иймд миний бие ...шүүгч Б.У  хэргийн оролцогчийг доромжилсон гэж үзэж байх тул хариуцлага тооцож өгнө үү” гэжээ.

 

Шүүгч Б.У  сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...А.А н нэхэмжлэлтэй, М.Ш т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхиж, эвлэрэх хугацаа хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтэд дурдсан ... дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 31 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн Прокурорын газрын шийдвэр буюу талуудын хооронд үүссэн маргаан бүхий асуудлаар цагдаагийн байгууллагад гаргасан гомдлыг шийдвэрлэсэн эрх зүйн актууд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацааг харгалзан үзсэн байдаг. Шүүх хуралдааныг хойшлуулсан захирамж уншиж танилцуулахад О.Д  нь шүүх хурлын танхимд хашхирч, шүүгч рүү бухимдсан үгсийг хэлж, шаардлага тавихад хүлээж авахгүй, аашилж, хуралдааны танхимд дэг эвдсэн. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 10160 дугаартай захирамжийг авахаар ирсэн О.Д  нь "...чамайг хүндлэх ёстой хууль нь хаана байна, чи юу юм бэ, бурхан уу? захирамжаа авъя хөгшөөн..." гэх мэт үгс хэлж шүүгчийн өрөө орохоор давшилж байхад нь дарвалзаад байгаарай гээд өрөөнийхөө хаалгыг хаасан ба шүүхийн цагдаа Д.М, Тамгын газрын дарга Д.Б нар түүнийг гаргасан. (Түүнийг доромжлоогүй ба тухайн цаг хугацаанд түүний гаргаж буй үйлдлийг зогсоосон) Ийнхүү, шүүхийн байрны 1 дүгээр давхарт цагдаатай хамт буусан О.Д т шүүгчийн туслах Ж.Б  нь 10160 дугаартай захирамжийг гардуулах гэхэд захирамжаа авахгүй, цаасан дээр юм бичсээр гарч явсан байдаг. Гэтэл, эвлэрэх хүсэлт гаргаагүй байхад хүчээр эвлэрүүлэх гэсэн, захирамж авах гэсэн хүнийг "дарвалзаад байгаарай" гэсэн мэтээр бодит байдлыг гуйвуулсан гомдлыг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

Сахилгын хорооны гишүүн Б.Сугарын сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Иргэн О.Д аас шүүгч Б.У д холбогдуулан хэргийн оролцогчийг доромжилсон гэсэн утга агуулгатай гомдол гаргажээ.  Гомдол болон шүүгчийн тайлбар, гэрч Ж.Б ын мэдүүлэг зэргээр холбогдогч шүүгч Б.У  нь хэргийн оролцогч О.Д ыг “дарвалзаад байгаарай” гэж хэлсэн нь тогтоогдож байх бөгөөд шүүгчийн тайлбарлаж байгаачлан хэдий өөрийг нь янз бүрээр хэлж, өрөө рүү нь орохоор дайрч давшилж байсан ч гэсэн шүүгчийн ёс зүйгээ чанд баримтлах ёстой байжээ. Учир нь шүүгч бол Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргаж хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх онцгой чиг үүргийг гүйцэтгэдэг цор ганц субъект болох төрийн тусгай албан тушаалтны хувьд ямар ч тохиолдолд Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх, үнэнч шударга байх, аливаа асуудалд бодитой, төвийг сахисан байр сууринаас хандах ... зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ” гэж заасанчлан уг зарчмуудыг үйл ажиллагаандаа ягштал баримтлан ажиллах үүрэгтэй. Хэргийн оролцогч хэл амаар доромжилж, дайрч давшилсан бол тэр тухай холбогдох хууль тогтоомжид заасан арга хэмжээ авхуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандах эрх шүүгчид нээлттэй юм. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд  заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг тодорхойлсон ба Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр заасан. Тухайлбал Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь зохисгүй байдал  гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ” /Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1.9 “зохисгүй байдал” гэж хууль, хянан шийдвэрлэх ажиллагааны хэм хэмжээ, энэ дүрмийг зөрчсөн, эсхүл шүүгчийн хараат бус, зарчимч, төвийг сахих байдлыг алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг;”/, 3.2 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор хандаж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны соёлыг эзэмшсэн байна” гэж шүүгч хэрхэн биеэ зүй зохистой авч явах, хэргийн оролцогчтой харилцах тухай тодорхой зааж өгч зохицуулжээ. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэж үзэхэд шүүгч Б.У  нь Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байх хэдий боловч Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-д “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан байх бөгөөд гомдолд дурдагдаж буй ёс зүйн зөрчил гаргасан гэх цаг хугацаа нь 2020 оны 05 дугаар сарын  29-ний өдөр болсон гэх үйл баримттай холбоотой байгаа болно. Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-д заасан сахилгын шийтгэл ногдуулж болохгүй хугацаа өнгөрсөн буюу 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс хойш энэ өдрийг хүртэл 1 жил 8 сар 23 хоногийн хугацаа өнгөрсөн байх тул ...шүүгч Б.У д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн О.Д ын өргөдөлд дурдсан шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэх цаг хугацаа 2020 оны 05 дугаар сард байх тул 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ...” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэж, харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 27 дугаар зүйлд Шүүгчид хориглох зүйл, 28 дугаар зүйлд Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт, 29 дүгээр зүйлд Шүүгчийн ашиг сонирхлын зөрчил, 30 дугаар зүйлд Шүүгч түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг тодорхойлсон бол хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгч Б.У  нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д ын шүүгчийг доромжилсон үг хэлсний хариуд зохисгүй үг хэллэг хэрэглэсэн нь шүүгчийн өөрийн тайлбар, шүүгчийн туслах Ж.Б ын мэдүүлэг зэргээр нотлогдсон байх ба энэ үйлдэл нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.2 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор хандаж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны соёлыг эзэмшсэн байна” гэж заасныг зөрчсөн, энэ талаар илтгэгч гишүүн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Түүнчлэн, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-д “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар зөв тайлбарласан байх тул илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүн Б.Сугарын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ...шүүгч Б.У д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                О.НОМУУЛИН

                        ГИШҮҮН                                                        Д.ЭРДЭНЭЧУЛУУН

                       ГИШҮҮН                                                      Ц.ДАВХАРБАЯР