info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-03-02

Дугаар 95

Улаанбаатар хот

2022.03.02 95 дугаартай

 

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Ариунтуяа нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан, ... шүүхийн шүүгч О.О т холбогдох Сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн З.Э  Сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “...Шүүгч О.О  миний нэхэмжлэгчээр оролцож байгаа хэргийг шийдвэрлэхдээ 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.Э ын гэрчээр оролцуулах хүсэлтийг гэрчийн овог нэр, хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар буцаасан, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өмнө заасан зүйлийг нь тодорхой болгон дахин хүсэлт гаргахад шалтгаангүйгээр дахин татгалзсан. Хэргийг хянан шийдвэрлэхдээ хувийн сэдэлтээр хэргийн хариуцагч нартай нэг нутаг оронд олон жил хамт амьдарч байснаараа ялгаварлах үзэл гарган санаатайгаар хариуцагчийн талд шийдвэрлэсэн байгааг нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар магадлалд ...нотолж байна. ...Шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцоно гэхэд эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж хүчээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Шүүгч илт хувийн сэдэл гаргаад байсан учир удаа дараа татгалзах хүсэлтийг гаргахад дэг зөрчөөд байна, өөрийг чинь шүүх хуралдааны танхимаас гаргаж оролцуулахгүйгээр явуулна” гэж айлган сүрдүүлж заналхийлэн хүсэлтийг хүлээн авахгүйгээр аргагүй эрхэнд өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох байдал үүсгэсэн, ...хуралдааны бичлэг авахад шүүгчээс татгалзсан хэсгийг арилгаж устгасан байсан. Шүүгчийн ийнхүү ёс зүйгүй авирлаж буй үйлдлүүд нь шүүгчийн ёс зүйд нийцэж байгаа эсэхийг шалгаж өгнө үү”гэжээ.

Шүүгч О.О  сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Тус шүүх З.Э  нарын нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нарын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзэж хүлээн авахаас татгалзсан, нэхэмжлэгч З.Т  нь тус шүүх хуралдаанд гэрч оролцуулах, нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргасан бөгөөд түүний хүсэлтийг шүүх тухайн хэрэгт хамааралгүй, харин хүлээн авахаас татгалзсан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хамааралтай хүсэлт байна гэж хангахаас татгалзсан, ингэхдээ хувийн сэдэлтээр хандаагүй. Миний бие тус шүүхэд шүүгчээр 2015 оны 11 дүгээр сард томилогдон ирснээс хойш ... аймагт ажиллаж амьдарч байна. Өргөдөлд дурдагдсан иргэдийг ямар хугацаагаар хаана амьдарч, ажиллаж байсан түүхийг мэдэхгүй, тэдгээр иргэдтэй айл хөрш амьдарч байгаагүй бөгөөд танил найз нөхдийн болон төрөл садангийн холбоогүй, хэргийг шийдвэрлэхэд ямар нэгэн хувийн сэдэл, санаа зориг агуулаагүй, ялгаварлан гадуурхах байдал гаргаагүй болно. Хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нар 2019 оны 282 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах эрхээ хэрэгжүүлсэн. Шүүх хэргийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хянан шийдвэрлэсэн, шүүгчийн зүгээс шүүх хуралдааны нийтлэг журмыг тайлбарлаж, бүрэлдэхүүн оролцогчдыг нэр заан танилцуулж, татгалзах эрхийг тайлбарлан өгөхөд татгалзалгүй болохоо мэдэгдсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 17 удаа шүүх хуралдааныг хойшлуулснаас нэхэмжлэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч 14 удаа шүүх хуралдаан хойшлуулсан байдаг. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 8 удаа ирээгүй, нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг удаа дараа хангаж байсан. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.М ирээгүй, нэхэмжлэгч З.Э  түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахад татгалзахгүй гэсэн ба хуралдаанд өмгөөлөгч Д.Э , М.Д нар оролцсон. Нэхэмжлэгч З.Э  нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг хүлээн авахаас татгалзаж, хуралдааныг үргэлжлүүлсэн. Хүсэлт хангаагүй учраас шүүгчээс татгалзан гэсэн тайлбар гаргаж байсан нь хуульд заасан татгалзах үндэслэл болохгүй. Хэргийн оролцогч шүүх хуралдааны дэг сахих үүрэгтэй бөгөөд хуралдаан даргалагч нь шүүх хуралдааны дэг зөрчсөн оролцогчид эхний удаа сануулж, дахин зөрчвөл хуралдааны танхимаас гаргаж түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэхээр хуульд заасан. Шүүгчийн шүүх хуралдааны дэг сахих талаар нэхэмжлэгчид сануулсан сануулгыг “айлган сүрдүүлж заналхийлсэн” үйлдэл гэж үзэхгүй юм. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны явцын бичлэг хийх, мэдээллийн технологийн мэргэжилтэн бичлэгийн төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах, тамгын газар хяналт тавих үүрэгтэй. Уг шүүх хуралдааны бичлэг хийхэд тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл гарсан талаар болон хуралдааны явцад бичлэг тасалдсан, зогссон талаар нарийн бичгийн даргаас хэлж мэдэгдсэн зүйлгүй, шүүгчийн зүгээс хуралдааны бичлэгийг дуугүй хийх талаар ямар нэг заавар, чиглэл өгөөгүй. Шүүх хуралдаанд дуу, дүрсний бичлэг хийгдэхээс гадна хуралдааны бүхий л үйл явц тэмдэглэлд тусгагддаг. Дээрх үндэслэлээр гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоожийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...З.Э  нь 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр өргөдөл гаргасан боловч хууль хүчин төгөлдөр болохоос өмнө буюу түүний нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шийдвэрлэх хүртэл хугацааны үйл баримтын талаар дурджээ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2012/ 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ”, 2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан, мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж тус тус заасан. Шийдвэрийг хүчингүй болгохдоо давж заалдах шатны шүүх “...хэрэгт цугларсан нотлох баримтыг ...хуульд зааснаар үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, ...холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй...” гэсэн үндэслэлийг магадлалд заасан. Нотлох баримтыг үнэлэх, хууль хэрэглэхтэй холбоотой шүүгчийн алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй бөгөөд сахилгын хороо шүүхийн шийдвэрийг хянах, дүгнэлт өгөх эрхгүй болно. Уг хэргийг шийдвэрлэх явцад шүүх хуралдаан нийт 17 удаа, үүнээс нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр 16 удаа хойшилсон нь хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гэрч оролцуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаар захирамжид гэрчүүдийн овог, нэр, хаяг тодорхойгүй гэжээ. Түүнчлэн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар захирамжаар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүрдүүлбэр хангаагүй гэж хүлээн авахаас татгалзсан ба нэхэмжлэгч З.Т ын гэрч асуулгах хүсэлт хэрэгт хамааралгүй гэж хангахаас татгалзсан байх ба ийнхүү шийдвэрлэхдээ шүүгч үндэслэлээ захирамжид тодорхой заасан, энэ нь сахилгын зөрчилд хамаарахгүй болно. Өмгөөлөгч Б.М товыг мэдсэн боловч 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч өмгөөлөгчгүй оролцоход татгалзах зүйлгүй гэснээр шүүх хуралдаан үргэлжилсэн байх тул шүүгчийг буруутгах үндэслэлгүй. Харин шүүх хуралдаанд гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан, уг хүсэлтийг шүүх хуралдаан эхлэх үед шийдвэрлэсэн талаар хуралдаан даргалагч тайлбарлаж, хуралдааны дэг сахихыг сануулсан, энэ талаар тэмдэглэлд тусгагдсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна гэж заасан. Шүүгч хуулиар хүлээсэн энэхүү үүргээ биелүүлж, шүүх хуралдааны дэгийг сахихыг нэхэмжлэгчид сануулж анхааруулсныг айлган сүрдүүлж заналхийлсэн гэж үзэхгүй. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн шүүгчээс татгалзаж буй тайлбар тусгагдсан байна. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2013 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж, архивлах журам”-ын 1.2.-т зааснаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны явцын бичлэг хийх, мэдээллийн технологийн мэргэжилтэн бичлэгийн төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах, тамгын газрын дарга хяналт тавин ажиллах үүрэгтэй бөгөөд шүүгчийн зүгээс шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг арилгаж, устгах боломжгүй болно. Дээр дурдсан үндэслэлээр шүүгч О.О  ёс зүйн зөрчил гаргасан гэх байдал тогтоогдоогүй тул түүнд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн З.Э ын өргөдөлд дурдсан шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэх цаг хугацаа 2019 онд хамаарч байх тул 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ...” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэж, харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 27 дугаар зүйлд Шүүгчид хориглох зүйл, 28 дугаар зүйлд Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт, 29 дүгээр зүйлд Шүүгчийн ашиг сонирхлын зөрчил, 30 дугаар зүйлд Шүүгч түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг тодорхойлсон бол хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэж заасан.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд З.Э  нарын нэхэмжлэлтэй, Ц., Б.П нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаар захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гэрч асуулгах хүсэлтийг “гэрчүүдийн овог, нэр, хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр хангахаас татгалзсан, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар захирамжаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, гэрч асуулгах, лавлагаа гаргуулах, хэмжилт хийлгүүлэх хүсэлтийг хангахаас татгалзсан, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар шийдвэрээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба дээрх шийдвэрийг гаргасан шүүгч О.О т холбогдуулан нэхэмжлэгч З.Э  гомдол гаргаж, үндэслэлээ “...гэрч асуулгах хүсэлтийг шалтгаангүйгээр дахин хангахаас татгалзсан, хэргийг хянан шийдвэрлэхдээ хувийн сэдэлтээр, ялгаварлах үзэл гарган санаатайгаар хариуцагчийн талд шийдсэн, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох байдал үүсгэсэн” гэж тодорхойлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь шүүгчийн хараат бус бүрэн эрхэд хамаардаг болно.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг дотоод итгэлээрээ үнэлж холбогдох хуулийг хэрэглэн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн үйл ажиллагааг сахилгын болон ёс зүйн зөрчил гэж тодорхойлох боломжгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд Сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна”, 90 дүгээр зүйлийн 90.4-т “Шүүх хуралдааны журам зөрчсөн этгээдэд эхний удаа шүүх хуралдаан даргалагч урьдчилан сануулна. Дахин зөрчил гаргасан этгээдийг шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны танхимаас гаргаж энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүгч шүүх хуралдааны дэгийг сахиулж нэхэмжлэгч З.Э д сануулж анхааруулсныг айлган сүрдүүлсэн гэж үзэхгүй, энэ талаар илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.

Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоожийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч О.О т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                О.НОМУУЛИН

ГИШҮҮН                                                        Х.ХАШБААТАР

                       ГИШҮҮН                                                      Д.АРИУНТУЯА