info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-03-11

Дугаар 111

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Б.Сугар, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан Шүүхийн сахилгын хорооны хуралдааны танхимд хийв.

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар саналыг гишүүн О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хорооны гишүүн О.Номуулин Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: Өмгөөлөгч А.Э гийн өргөдөлд дурдсан шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэх цаг хугацаа 2020 онд хамаарч байх тул 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан бол Шүүхийн ёс зүй хороо, Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг Сахилгын хороонд шилжүүлнэ” гэж зааснаар 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэж, харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.

Монгол Улсын Шүүхийн тухай хууль 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан, хуучин Шүүхийн ёс зүйн хороонд ирсэн өргөдөл, мэдээлэл 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гишүүдэд хуваарилагдсан тул мөн өдрөөс хугацааг тооцож сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн болно.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 27 дугаар зүйлд “шүүгчид хориглох зүйл”, 28 дугаар зүйлд “шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт”, 29 дүгээр зүйлд “шүүгчийн ашиг сонирхлын зөрчил”, 30 дугаар зүйлд “шүүгч түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээ”-г тодорхойлсон бол хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэх”-ээр, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ”, 2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заажээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгдэгч С.Б нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар захирамжаар шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх ба мөн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар захирамжаар шүүгдэгч С.Б , Б.Б , Д.Г нарт авсан барьцаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, улмаар өмгөөлөгч Н.Ц , Б.Г , А.Э  нарын хүсэлтийг хангаж, 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар захирамжаар шүүгдэгч Б.Б д 21.200.000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсан, ...2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор хэргийг шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дугаар 1-д “прокурор, шүүх яллагдагчид мөнгөн хэлбэрээр барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч болно”, 4-т “барьцааны хэмжээг яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан тогтооно”, 16.15 дугаар зүйлийн 2-т “шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаас үзвэл шүүгдэгчид авах таслан сэргийлэх арга хэмжээг сонгон хэрэглэх, барьцааны хэмжээг тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг хэрэглэж Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авах эсэх зэрэг нь тухайн шүүгчийн хууль хэрэглээ, нотлох баримтыг дотоод итгэлээрээ үнэлэх бүрэн эрхэд хамаарна.

Иймд Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж хууль буруу хэрэглэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэхгүй байх зарчмыг тодорхойлж өгсөн бөгөөд энэ зарчим нь шүүгч аливаа хэрэг, маргааныг буруу шийдвэрлээд хариуцлага хүлээнэ гэсэн айдасгүйгээр хууль зүйн хувьд хамгийн зөв гэсэн үндэслэлээр хэрэг маргааныг шийдэх боломжийг олгодог учиртай.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх эрх хэмжээгүй.

Түүнчлэн, өргөдөлд дурдсан “...шүүх хуралдааныг товлохдоо өмгөөлөгч биднээс хурал давхацсан эсэх, хуралд ирэх боломжтой эсэхийг асууж тодруулахгүйгээр өөрийн дураар товлодог...” гэх гомдлын тухайд хуулиар ийнхүү асууж тодруулан шүүх хуралдаан товлох үүрэг хүлээлгээгүй тул шүүгч зөрчил гаргасан гэж үзэхгүй, “...эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд гаргасан шийдвэрээ албажуулдаггүй, шүүх хуралдааны тэмдэглэлийг даруй хянаж, баталгаажуулдаггүй” гэх гомдлын тухайд ...архивд хадгалагдаж буй С.Б нарт холбогдох ... дугаартай 476 хавтас эрүүгийн хэрэгт үзлэг хийхэд тогтоогдоогүй болно. 

Дээрх үндэслэлээр шүүгч Ё.Ц д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

...шүүгч Ё.Ц тайлбартаа: Шүүгч миний бие улсад 34 жил, шүүгчээр 30 жил, 4 сар ажиллаж байна. Б ы үйлдсэн хэрэгт тохируулж 2 тэрбум төгрөгийн барьцааны арга хэмжээ авсан. Ямар хэмжээний барьцаа авах нь шүүгчийн эрх хэмжээний асуудал юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 14.6 дугаар  зүйлийн 4-д  зааснаар: Барьцааны хэмжээг яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан тогтооно гэж заасан. Энэ заалт зөрчигдөөгүй. Дашрамд дурьдахад бусад яллагдагч нарт 10 тэрбум, 5 тэрбумын барьцаа авсан болно. Шүүгч нь бие даасан үйл ажиллагааг хараат бусаар явуулдаг тул Сонгуулийн Ерөнхий хорооноос зөвшөөрөл авах шаардлагагүй. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35.2 заалт яллагдагч, шүүгдэгч нарт огт хамаарахгүй. Харин ч өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу шүүх хурал олон хойшилж байсан. Шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрх зөрчигдөөгүй. Шүүгдэгч Б  нь мөрдөн байцаалтын үеэр өмгөөлөгч авсан. Өмгөөлөгч А.Э гийн гомдол нь үндэслэлгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл /гомдол/ гаргагчийн шүүгч хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх, төвийг сахих үүргээ зөрчсөн буюу 2 тэрбум төгрөгийн барьцаа авах шийдвэр гаргасан, хууль бусаар цагдан хорьсон гэх тухайд:

...шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар захирамжаар шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нар шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байгаа бөгөөд цаашид саад учруулж болзошгүй байх тул зарим шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг чангатгах нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүгч ялгамжтай тогтоожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 1-д “прокурор, шүүх яллагдагчид мөнгөн хэлбэрээр барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч болно”, мөн зүйлийн  4-т “барьцааны хэмжээг яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан тогтооно” гэж тус тус заасныг баримтлан хуулийн дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан шүүгч Ё.Ц хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх, төвийг сахих үүргээ зөрчсөн буюу Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй”, 3.2 дугаар зүйлийн 1-д “шүүгч нь хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор хандаж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны соёлыг эзэмшсэн байна” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар захирамжаар шүүгдэгч Б.Б д авсан барьцаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ хуулийн зорилтод нийцүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “...үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэж заасныг баримтлан шүүгч хуулийн дагуу  бүрэн эрхийнхээ хүрээнд барьцаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хууль бусаар цагдан хорьсон буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчөөгүй байна гэж бүрэлдэхүүн үзэв.

Түүнчлэн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар захирамжаар өмгөөлөгч нараас гаргасан таслан сэргийлэх араг хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Б д 21.200.000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсныг дурдах нь зүйтэй.

Сахилгын хэрэгт авагдсан ...2020 оны 6 дугаар сарын 15 болон 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүгч шүүгдэгчийн өмгөөлөгч нарт өмгөөлөх бололцоо олгодоггүй гэх байдал тогтоогдохгүй, шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрх зөрчигдөөгүй байна.

Иймд Шүүхийн сахилгын хорооны илтгэгч гишүүний ...шүүгч Ё.Ц д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчин сахилгын зөрчил гаргасан нь нотлогдсон шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах чиг үүрэг үүрэгтэй байгууллага бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ...шүүгч Ё.Ц д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл/гомдол/ нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

                               ДАРГАЛАГЧ                                         Д.ЭРДЭНЭЧУЛУУН  

   ГИШҮҮД                                         Б.СУГАР

                                                                                                Х.ХАШБААТАР