МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-04-19
Дугаар 147
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох
саналыг шийдвэрлэх тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Өмгөөлөгч Ч.П гийн ...шүүхийн шүүгч Ц.М д холбогдуулан гаргасан өргөдлийн дагуу түүнд сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагаа явуулаад гишүүний 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 53 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг гишүүн О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн О.Номуулин Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “Шүүхийн сахилгын хорооны гишүүн О.Номуулин би иргэн Ч.П гээс ...шүүхийн шүүгч Ц.М д холбогдуулан гаргасан өргөдөлд Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 293 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулсан.
Дээрх шүүгдэгч нарт таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан хохирогчийн өмгөөлөгч Ч.П гомдол гаргаж, үндэслэлээ “...шүүгч Ц.М нь өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас өөрөөр нэгэнт хүчин төгөлдөр болж албажсан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй атал 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар өмнөх захирамжид нэмэлт өөрчлөлт оруулсан агуулгатай захирамж гарган шүүгдэгч Д.М , Д.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасан зөрчил” гэж тодорхойлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1-д “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, 15.2 дугаар зүйлийн 1-д “Хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно”, 15.4 дүгээр зүйлийн 1-д “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана” гэж заасан байх ба шүүгч Ц.М нь ...шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжийг гаргахдаа дээрх хуулийн зохицуулалтуудыг баримтлан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн байх ба шүүгчийг асууж авсан тэмдэглэлд “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хүсэлт гаргах, шийдвэр гаргах боломжтой тул дээрх хуулийг баримталсан” гэж тайлбарласан.
Гэвч Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ... дүгээр магадлалд “...Анхан шатны шүүх тухайн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамж гаргаж шийдвэрлэсэн атлаа давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хуулиар харьяалуулсан зарим асуудлыг шүүх шийдвэрлэх зохицуулалттай хутгаж, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамж гарган шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, хувийн баталгаа гаргах, Монгол Улс хилээр нэвтрэхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч, өөрт хуулиар олгогдоогүй эрх эдэлснээс гадна хэргийг буцаасан 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамж гаргасан өдрөө ... дугаар шүүгчийн захирамж гаргаж шүүгдэгч нарыг давхардуулан цагдан хорьсон зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны урьд гарч байгаагүй бүдүүлэг алдаа гаргасныг дахин давтан гаргахгүй байхыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс зориуд анхааруулан тэмдэглэж байна” гэж дүгнэснээр шүүгч Ц.М Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн 1, 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн болох нь нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан бөгөөд шүүгч хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлан хуулийг тайлбарлан, хэрэглэхдээ буруу хэрэглэсэн алдааг дээд шатны шүүх нь залруулдаг онцлогтой.
Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж заасныг шүүгчийн албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгох бөгөөд шүүгч Ц.М нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хүсэлт гаргах, шийдвэр гаргах боломжтой гэж хуулийг ойлгож хэрэгжүүлсэн энэ тохиолдолд албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашигласан гэж үзэхгүй.
Түүнчлэн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг хэнд ч илэрхий тодорхой, ойлгомжтой, маргаангүй хуулийн заалтыг зөрчсөн байхыг ойлгох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн 1, 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа хүсэлт хэлэлцэж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн үйл ажиллагааг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөнд тооцохгүй.
Нөгөөтэйгүүр, ...шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжийн 5 дахь заалт нь ойлгомжгүй байгаа ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж залруулсан гэж үзэх боломжгүй, мөн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” ... дугаар захирамжаар давхардуулан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь цагдан хорих байранд яллагдагч, шүүгдэгчийг хүргэхэд захирамж, тогтоолгүй тул хүлээж авахгүй байгаа шалтгаанаар шүүгч нар давхар дугаар авч захирамж гарган явуулж байгаатай холбоотой болох нь тус шүүхийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Г.Г-ийн мэдүүлгээр нотлогдож байх тул хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж шүүгчийг буруутгах боломжгүй байна.
Дээрхийг нэгтгэн дүгнээд нэр бүхий шүүгчид холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргах нь зүйтэй гэж үзлээ.
Өмгөөлөгч Ч.П гийн өргөдөлтэй, ...шүүхийн шүүгч Ц.М д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Шүүгч Ц.М тайлбартаа: “Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Д.М , Д.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд ... дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч нарт ... дугаар захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Т , С.М нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “яллагдагч, шүүгдэгчид энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу дараах таслан сэргийлэх арга хэмжээ авна..”, 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэсний дагуу таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг гаргасан ба хүсэлтийн үндэслэлээ шүүгдэгч нарын эрүүл мэнд болон хувийн байдлын талаар дурдаж, нотлох баримтуудыг хавсаргаж ирүүлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх шийдвэр гаргана” гэж хуульчилсан. Дээрх хуулийн заалтыг баримтлан шүүх шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг хянаж, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлын талаарх нөхцөл байдлыг харгалзан хүсэлтийг хэлэлцэх нь чухал ач холбогдолтой гэж үзсэн болно.
Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “яллагдагч, шүүгдэгчид энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу дараах таслан сэргийлэх арга хэмжээ авна...”, 14.13 дугаар зүйлд зааснаар шүүхийн хэлэлцүүлгийг товлож талуудад мэдэгдсэний үндсэн дээр шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг хэлэлцэж шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлаас үүсэж болох эрсдэлийг харгалзан үзээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэхүү шийдвэр нь шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЗ/1766 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийн хамт хүчин төгөлдөр болохыг дурдаж шийдвэрлэсэн бөгөөд нэмэлт өөрчлөлт бус, Шүүхийн тухай хуулийн 50.1.1 дүгээр зүйлд заасан албан тушаалын байдлаа ямар нэг байдлаар урвуулан ашиглах гэсэн хувийн сонирхол байгаагүй гагцхүү хуульд заасны дагуу шүүгчийн ажил үүргийг гүйцэтгэж хэн нэгний эрх ашигт хохирол учруулахгүй байх ач холбогдол бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Түүнчлэн, өмгөөлөгч Ч.П гийн гаргасан өргөдөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд тодорхойлсон журмыг зөрчсөн гэх боловч энэхүү заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэх, цагаатгах тогтоолд хамаарах заалт тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасны дагуу шийдвэрлэсэн Хэргийг прокурорт буцаах тухай 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаар захирамжид хамааралгүй.
Шүүгдэгч нарын таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9, 14.13, 15.4 дүгээр зүйлд заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, хэргийг прокурорт буцаасан 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЗ/1766 дугаар захирамжийн хамт хүчин төгөлдөр болно гэж зааснаас бус Хэргийг прокурорт буцаах тухай захирамжид ямар нэг өөрчлөлт оруулж, Шүүхийн тухай хуулийн 50.1.23 дугаар зүйлд заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчөөгүй.
Мөн шүүгдэгч Д.М , Д.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ... дүгээр магадлал гарч шүүгчийн ... дугаар захирамжийг хүчингүй болгож хэргийг Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Тус хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сахилгын хороонд ийнхүү гомдол гаргаж байгааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхөөр оролдож байна гэж үзэж байна. Иймд сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүгч Д.М ...шүүхэд хянагдаж байгаад одоо хэрэг нь прокурорт буцсан Д.М , Д.Б нарт холбогдох эрүүгийн 1802003940151 дугаартай хэрэгт 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2021/ШЗ/1766 дугаар захирамжаар шүүгдэгч Д.М , Д.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Шүүгдэгч Д.Б ын өмгөөлөгч Д.Т , шүүгдэгч Д.М ын өмгөөлөгч С.М нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг шүүх хянан хэлэлцээд шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжаар шүүгдэгч Д.М , Д.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хэргийг прокурорт очих хүртэл хугацаагаар хувийн баталгаа болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Уг эрүүгийн хэргийн хохирогчийн өмгөөлөгч Ч.П нь шүүгч Ц.М 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжийг гаргахдаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасныг зөрчсөн гэж үзэн Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргажээ.
1. Шүүгч Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх хэсэгт “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж заасныг зөрчсөн гэх тухайд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно.”, мөн хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно.”, 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Д.Б , Д.М нарын өмгөөлөгч Д.Т , С.М нар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн 14.13 дугаар зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу гаргасан гэж үзсэн тул шүүгч Ц.М нь мөн хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжаар “таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж” шийдвэрлэсэн гэж тайлбарлажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заажээ.
Шүүгч Ц.М нь хуулийн уг заалтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэхэд хамаарна гэж ойлгон, шүүгдэгч нарын эрүүл мэндийн хүндэтгэх үзэх шалтгаантайг нотолсон холбогдох баримтуудыг үндэслэж, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЗ/1918 дугаар захирамжийг гаргасан байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ... дүгээр магадлалд “...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамж гаргаж шийдвэрлэсэн атлаа давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хуулиар харьяалуулсан зарим асуудлыг шүүх шийдвэрлэх зохицуулалттай хутгаж, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамж гарган шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, ...өөрт хуулиар олгогдоогүй эрх эдэлснээс гадна хэргийг буцаасан 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамж гаргасан өдрөө ... дугаар шүүгчийн захирамж гаргаж, шүүгдэгч нарыг давхардуулан цагдан хорьсон зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны урьд гарч байгаагүй бүдүүлэг алдаа гаргасныг дахин давтан гаргахгүй байхыг ...анхааруулан тэмдэглэж байна” гэжээ.
Гишүүн О.Номуулин 2022 оны 03 дугаар сарын 22 -ны өдөр ...шүүхийн байранд очин шүүгч Ц.М эс асууж авсан тэмдэглэлд: шүүгчээс “2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжийн 5 дахь заалтад 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаар захирамжтай хамт хүчин төгөлдөр гэж захирамжилсан нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй гэдгийг зааж өгөх зорилгоор бичсэн”, “хэргийг прокурорт буцаасан ... дугаар захирамждаа цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан атлаа давхар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ... дугаар захирамж гаргасан учир нь тухайн ... дугаар захирамж тэр дор гарах боломжгүй, цагдан хорих байр захирамжгүй хүн авахгүй учир тэр даруй ... дугаар захирамж гарган явуулсан”, “... дугаар захирамж нь хугацаандаа гарч 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гардуулсан”, мөн “хохирогч 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр захирамжийг гардаж авсан тул прокурорт явуулаагүй байсан, хүсэлт ирэхэд хүлээж аваад шийдсэн. ...цагдан хоригдсон шүүгдэгчийн биеийн байдал нь муудсан тул яаралтай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн”, мөн “миний хувьд гомдол, эсэргүүцэл гаргах хугацаа хүлээж өөр шүүх болон прокурорт буцаахаас өмнө хэргийг хүлээж авсан шүүх шийдэх ёстой гэж үзээд нэгэнт эрүүл мэнд нь муудаад хүсэлт ирсэн байхад хүний хувьд давж заалдах шатны шүүхээр шийдүүл гээд байж байх зүрх зориг хүрээгүй юм. Хүн үхчихвэл үүнээс илүү ноцтой асуудал гарна шүү дээ” гэжээ.
Дээрх тайлбараас үзвэл шүүгч нь шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаар захирамж гаргасан байх ба үүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Нөгөө талаар дээд шатны шүүхээс залруулах боломжтой хууль хэрэглээний алдааг шүүгчийн сахилгын зөрчилд тооцохгүй.
2. Шүүгч Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэх тухайд:
...шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжийн 5 дахь заалтад “энэхүү шийдвэр нь тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаартай захирамжийн хамт хүчин төгөлдөр болохыг дурдсугай” гэжээ.
Тодруулбал, шүүгдэгч Д.М , Д.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хэргийг прокурорт очих хүртэл хугацаагаар хувийн баталгаа болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн ... дугаар захирамжид хэргийг прокурорт буцаасан ... дугаар захирамжийн хамт хүчинтэй гэж заасан байна.
Шүүгчийн ... дугаар захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно” гэж заасныг баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан гэж үзэх боломжгүй юм.
Мөн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЗ/1765 дугаар “Шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” захирамжаар давхардуулан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь “цагдан хорих байранд яллагдагч, шүүгдэгч нарыг хүргэхэд захирамж, тогтоолгүй тохиолдолд хүлээж авдаггүй” гэх шалтгааны улмаас шүүгч давхар дугаар авч, тусдаа захирамж гарган явуулсан болох нь шүүгчийн тайлбараас гадна тус шүүхийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Г.Г ийн мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд шүүгчийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна гэж үзэв.
Шүүгч Д.М д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүн О.Номуулингийн санал нь үндэслэл бүхий гэж үзсэн тул саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.4, 112.6, 112.7, 112.8-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ...шүүхийн шүүгч Ц.М д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
3. Энэхүү магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
4. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
5. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авснаар тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
С.ЭНХТӨР