МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-04-18
Дугаар 146
Улаанбаатар хот
Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг
бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, сахилгын хэргийн оролцогчоор шүүгч Ц.О-, Э.Л-, ажиглагчаар өргөдөл гаргагч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
“Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А-ын өргөдлийн дагуу ...шатны шүүхийн шүүгч Ц.О-, ...шүүхийн шүүгч Э.Л нарт сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулаад 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дүгээр “Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлт” үйлдсэнийг гишүүн Д.Мягмарцэрэнгийн илтгэснээр хянан, хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хорооны гишүүн Д.Мягмарцэрэнгийн сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд: Өргөдөл гаргагч өргөдөлдөө шүүгч Э.Л-ийн тухайд “...2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гаргасан ... дугаар шийдвэрийг ... “Б” ХХК-аас давж заалдах гомдлыг шүүхэд гаргасан. Хэргийг шүүгч О.Н, Д.Б, Э.Л /илтгэгч шүүгч/ нар шийдвэрлэсэн. Шүүхээс ... тоот магадлал гаргасан. Магадлалд Э.Л ...дүгнэлтийг зохиож бичсэн...” гэх тухайд уг магадлалыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.
...”Б” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулж гаргасан “Т” ХХК-д 140 га газар эзэмшүүлсэн 2011 оны ... дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон ...шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ... дүгээр тогтоолыг гаргасан шүүх хуралдаанд шүүгч Э.Л- илтгэгчээр оролцож, нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэхгүй болгосон...”, “......шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 650 дугаар тогтоолоор ...шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжийг хүчингүй болгосон юм. Энэ хуралд шүүгч Э.Л- оролцож тусгай санал өгөхөөр шийдвэрлэсэн... гэх үндэслэлүүдийн тухайд шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байх бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан Шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгч Э.Л-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.
Шүүгч Ц.О- нь хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байхад хариуцагчийн зөвшөөрлийг баталсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эвлэрэх эрх итгэмжлэлээр олгогдоогүй байсан гэх тухайд:
Нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ... тоот албан бичигт “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Б-ийг томилсон... Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2, 21.2, 28 дугаар зүйлийн 28.2.1, 28.2.6-д заасан эвлэрэхээс бусад эрх, үүргийг хэрэгжүүлэн оролцуулахаар итгэмжлэл олгов” гэсэн байх бөгөөд маргаан бүхий хэрэгт хариуцагчаас өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл нь “эвлэрэх”-ээс бусад эрхийг олгосон байх тул хуулийн 28.2.2-т “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх” гэж заасан эрх олгогдсон гэж үзэхээр байх ба шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан тайлбар хүсэлтээс дээр дурдсан зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэх тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж зохицуулсан байх бөгөөд тухайн маргаанд “Б” ХХК гуравдагч этгээдээр татагдан оролцохдоо бие даасан шаардлага гаргаагүй байдаг.
Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх болон нэхэмжлэлээс татгалзахаас бусад хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж заасны дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх олгогдоогүй байна.
“......шатны шүүхэд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан Нийслэлийн Засаг даргын 2006 оны 568 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан юм. Гэтэл шүүгч Ц.О- 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 7177 тоот захирамжаар “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох” захирамжаар буцаасан, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 7876 тоот захирамжаар “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж гаргасан, ...шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 650 дугаар тогтоолоор дээрх захирамжийг хүчингүй болгосон...”, “...энэ хуралд шүүгч Э.Л- оролцож тусгайлсан санал өгөхөөр шийдвэрлэсэн, уг саналыг Ц.О- шүүгч бидэнд танилцуулахгүй байгаа…” гэх үндэслэлийн тухайд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын шүүхийн төрийн болон албаны нууцыг хамгаалах журам”-ын 2 дугаар хавсралтын 1-д “Албаны нууцад хамаарах мэдээлэл”-д “Зөвлөлдөх тасалгаанд шүүгчийн гаргасан санал” гэж тусгасан байх ба энэ дагуу шүүгчийн гаргасан тусгай санал шүүхийн нууцын эрхлэгчид хадгалагддаг, “Б” ХХК-ийн зүгээс “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” хавтаст баримтад шүүгч Э.Л-гийн тусгай саналтай танилцах хүсэлт авагдаагүй байна.
Харин өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдагдсан “...2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.10-т “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй" гэж заасныг мэдсээр байж зөрчин дан ганц нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудал бус үндсэн хэргийг тэр чигт нь урьдчилсан хэлэлцүүлгээр эцэслэн шийдвэрлэсэн...” гэх үндэслэлийн тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлд заасанчлан шүүх хуралдааныг товлон зарлахаар урьдчилсан хэлэлцүүлгийг зарлажээ.
Уг хэлэлцүүлгээс гарсан ...шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 501 дүгээр шүүгчийн захирамжийн Захирамжлах хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг, 109 дүгээр зүйлийн 109.1-д “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг тус тус баримтлан шийдвэрлэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасан байх боловч урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд авагдсанаар урьдчилсан хэлэлцүүлгийн явцад даргалагчаас: “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байна уу?” гэж асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “татгалзаагүй..” гэж /урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлийн 3 дахь тал/, “...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/878 дугаар захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа...” гэж /урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлийн 4 дэх тал/ тус тус хариулсан байх ба нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаагүй болохоо илэрхийлсэн болох нь тогтоогдож байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.10-т “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан байхад шүүгч дээрх заалтыг зөрчиж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Хэрэгт авагдсан баримтаас шүүгч Ц.О- нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан шүүгчид хориглох зүйлийг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх тул сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэв гэжээ.
Шүүгч Ц.О- тайлбартаа: ...1. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр үндсэн нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталсан талаарх гомдлын тухайд:
...шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 501 дүгээр захирамж нь “Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай” агуулгатай гарсан бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийг үндэслэн шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны хэргийг гагцхүү шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тохиолдолд заавал шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагагүй бөгөөд шүүхийн практикт ч ийм тохиолдол нэлээдгүй байдаг. Тухайлбал 2020 оны тус шүүхийн шийдвэрүүдээс хайлт хийхэд тус шүүхийн 2020 оны 191, 2020 оны 198, 2020 оны 429, 2020 оны 643 дугаар захирамжуудаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүх хуралдаанаар шийдвэрлээгүй.
2. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байхад хариуцагчийн зөвшөөрлийг баталсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эвлэрэх эрх итгэмжлэлээр олгогдоогүй байсан гэх гомдлын тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгох эрхийг хуульд нэрлэн тоочих аргаар заасан бөгөөд хуулийн 28.2.2-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх”, 28.2.5-д “эвлэрэх” гэж тус тусад нь зохицуулсан бөгөөд маргаан бүхий хэрэгт хариуцагчаас өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл нь “эвлэрэх”-ээс бусад эрхийг олгосон байх тул хуулийн 28.2.2-д заасан эрх олгогдсон гэж үзнэ. Түүнчлэн хариуцагч Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01/3043 тоот албан бичгээр “...Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү” хэмээн илэрхийлсэн бөгөөд “Т” ХХК-д газар эзэмших эрх сэргээн олгох тухай 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр А/1055 дугаар захирамж гаргаж, уг захирамжийн 3 дахь заалтаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/878 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн.
Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан “Нийслэлийн Засаг даргын А/1055 дугаар захирамжаар А/878 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөгдөөд, биелэгдсэн. А/359 дугаар, А/1055 дугаар захирамжийг гаргаж тус тусад нь газар олгосон. А/878 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага биелэгдээд А/1055 дугаар захирамж гарсан. Иймд А/878 дугаар захирамжтай холбоотой хэлэлцэх асуудал байхгүй гэж үзэж байна” гэх тайлбар, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01/3043 тоот албан бичиг болон 2020 оны 08 дугаар сарын 20-ны А/1055 дугаар захирамжаас үзэхэд хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байсан.
3. Гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэх гомдлын тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасны дагуу тухайн маргаанд “Б” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Тус компани нь бие даасан шаардлага гаргаагүй. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх болон нэхэмжлэлээс татгалзахаас бусад хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж заасны дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх олгогдоогүй юм.
Харин гуравдагч этгээдийн хувьд хариуцагчийн шинээр гаргасан актыг өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл өөрөө нэхэмжлэл гарган маргах эрх нээлттэй бөгөөд маргаан бүхий тохиолдолд “Б” ХХК-ийн зүгээс шинээр гаргасан акттай маргаж тухайн шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан, энэ эрхийг хязгаарлахгүй болохоо шүүх шийдвэртээ тусгасан. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд оролцож байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн практик цөөнгүй байх жишээг өмнө өгсөн тайлбартаа дэлгэрэнгүй дурдсан байгаа. Тэдгээрээс үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа бодит үйлдлээрээ биелүүлж, түүнийг нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлдэг практик ажиглагдаж байна.
Иймд тус шүүхээс хариуцагч нь үндсэн маргаан болох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гаргасан акт нь тусдаа бие даасан захиргааны акт бөгөөд энэ талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь эрх бүхий этгээдэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхийг хөндөхгүй байх тул хариуцагч хүлээн зөвшөөрснийг батлах нь хуульд харшлахгүй юм.” гэжээ.
Шүүгч Э.Л- тайлбартаа: “...Тус компаниас нэр бүхий шүүгчид холбогдуулж гаргасан гомдлын надад хамаарах хэсэг нь “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн өмчийн харилцааны болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус холбогдох Захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн ...шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 251 дүгээр магадлал, түүнд хийсэн дүгнэлттэй холбогдуулж буруутгажээ. Гэтэл уг магадлалыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5 дахь хэсэгт зааснаар хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд түүнд гомдол гаргах эрхгүй тул гомдолд дурдсанаар магадлалд ...”Т” ХХК-д 140 га газрыг олгох шийдвэр гаргасан эсэх, Хан-Уул дүүргийн 6, 7 дугаар хороонд олгогдсон тус компанийн 140 га газрыг байршлын хувьд Яармагийн урд тал руу зөөхийн тулд зохиож дүгнэлт бичсэн...” эсэх талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээс давж тайлбар гаргах боломжгүй. Хоёрдугаарт “Б” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулж гаргасан “Т” ХХК-д 140 га газар эзэмшүүлсэн 2011 оны 908 дугаар захирамжийг илт хууль болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон ...шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 189 дүгээр тогтоолыг гаргасан шүүх хуралдаанд илтгэгчээр оролцож, нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэхгүй болгосон гэж буруутгажээ. Шүүгчдийн зөвлөгөөнөөс батлагдсан “Нэхэмжлэл, хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах журам”-ын дагуу программаас хуваарилсан гомдлыг шийдвэрлэх нь шүүгчийн үүрэг, тухайн хуваарилалтад хувь шүүгчийн субъектив оролцоо огт байхгүй. Харин шийдлийн хувьд дангаар бус шүүх бүрэлдэхүүнтэйгээр тухайн гомдлыг хянасан тул шүүх бүрэлдэхүүнийг төлөөлж тайлбар гаргах эрхгүй. Гуравдугаарт мөн л “Б” ХХК-ийн нийслэлийн Засаг даргад холбогдуулж гаргасан “Т” ХХК-д анх 140 га газар эзэмшүүлсэн 2006 оны 568 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, гомдлыг хангасан ...шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд оролцохдоо гаргасан тусгай саналыг танилцуулахгүй байгаатай холбогдуулж буруутгажээ. 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д зааснаар “шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байгаа хэргийн талаар саналаа бие даан гаргах, хууль хэрэглээний талаар тусгай саналтай бол бичгээр гаргаж хэрэгт хавсаргах” нь шүүгчийн нийтлэг бүрэн эрхэд хамаарах бөгөөд харин тусгай саналыг шүүхийн цахим хуудсанд байршуулж, нийтлэх эрх хуулийн 22.6-д зааснаар зөвхөн хяналтын шатны шүүгчид олгогдсон. Иймд миний хувьд бичгээр гаргасан тусгай саналаа хэрэгт хавсарган анхан шатны шүүхэд хүргүүлэхээс бус саналаа хэргийн оролцогчдод, тухайлбал “Б" ХХК-д танилцуулах үүргийг хуулиар хүлээлгээгүй.
Гомдолд “...уг саналыг шүүгч Ц.О- бидэнд танилцуулахгүй байгаа, ...шүүгч нар албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, хуулийн илт тодорхой заалтыг ноцтойгоор, удаа дараа зөрчсөн үйлдэл гаргасан...” гэх боловч би хувьдаа албан тушаалын байдлаа хэрхэн урвуулан ашигласан болох, чухам ямар хуулийн, ямар тодорхой заалтыг, хэрхэн, ноцтойгоор зөрчсөн үйлдэл гаргасан болохоо ойлгохгүй байна. Ер нь “Б” ХХК-ийн гомдлын агуулгаас үзэхэд бүхэлдээ хэрэг, гомдол шийдвэрлэлттэй холбоотой, энэ нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглох зүйлийн алинд хамаарч байгаа нь тодорхойгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүгч Ц.О- сахилгын хорооны хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Мягмарцэрэнгийн “Сахилгын зөрчлийг нотлох тухай" 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлттэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Уг дүгнэлтэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.10-д “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчин хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн” нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөнийг нотолсон нь үндэслэлгүй юм.
Учир нь “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хийгддэг, шүүх, шүүгчээс үл хамаарах байдлаар хэргийн оролцогчид маргаанаа дуусгавар болгож байгаа ажиллагаа юм.
Харин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн зорилго нь үндсэн хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны бэлтгэл үе шат бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.4-д “шүүгч дараах хүсэлтийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс урьдчилсан хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудал” гэж заасны дагуу хэргийн оролцогчоос гаргасан бусад хүсэлтийг шийдвэрлэдэг.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54, 109 дүгээр зүйлийн 109.2, 66-68 дугаар зүйлд заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12, 106.3.13, 106.3.14-т заасан “106.3.12 нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах; 106.3.13 нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох; 106.3.14 нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” шийдвэрийг гаргах нь тусдаа, өөр ойлголт юм.
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн тухайд хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд 106 дугаар зүйлд заасан шийдвэрийг шүүхээс гаргаагүй.
Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар хязгаарлагдахгүй өргөн хүрээгээр хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэдэг, тодруулбал өмгөөлөгч авах, нотлох баримт гаргуулах, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авах, эсхүл авахаас татгалзах гэх мэт асуудлууд нь дээрх хуулийн 70 дугаар зүйлд нэрлэн тоочигдоогүй хэдий ч хүсэлтийг шийдвэрлэдэг.
Урьдчилсан хэлэлцүүлэг нь шүүх хуралдааны нэгэн адил зарчмаар явагддаг бөгөөд хэргийн оролцогчоос хүсэлт гаргасан тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “шинэ нотлох баримт цуглуулах болон хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлаар шүүх хуралдаан дээр дахин хүсэлт гаргах эрхгүй” гэж заасны дагуу хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг даруй шийдвэрлэх үүрэгтэй.
Жишээлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаад хэрэг үүсгэсний дараа 1 хоногийн дараа нэхэмжлэлээсээ татгалзахад шүүгчийн зүгээс заавал 60 хоногийн дараа шүүх хурлаа товлон шийдвэрлэнэ гэж эрх шүүгчид байхгүй бөгөөд шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлэг заавал товлон зарлалгүйгээр хэргийн оролцогчийн хүсэлтийг захирамж гарган шууд шийдвэрлэдэг бөгөөд энэ нь хүнд сурталгүй байх, шуурхай байх зарчимд нийцнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны хэргийг гагцхүү шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ" гэж зааснаас үзвэл хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэхэд заавал шүүх хуралдаанаар шийдвэрлэх шаардлагагүй байдаг бөгөөд, урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь захиргааны шүүхийн практикт хамгийн түгээмэл юм.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах гэх заалт нь ноцтой зөрчил гаргасан байхыг шаардсан байх бөгөөд тухайн маргаантай хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн ч ижил агуулга бүхий шийдвэр гарахаар, ижил үр дагавартай байхад илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй юм” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч “Б”ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А- Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө шүүгч Ц.О- нь “...шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр үндсэн нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байхад зөвшөөрлийг баталсан, хариуцагчийн төлөөлөгчид эвлэрэх эрх итгэмжлэлээр олгогдоогүй байсан гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн, ...давж заалдах шатны шүүхийн шүүгчийн тусгай саналыг танилцуулахгүй байгаа”, харин шүүгч Э.Л- нь “...захирамжийг хүчингүй болгохдоо тусгай санал гаргасан” нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-г зөрчсөн” гэсэн агуулга дурджээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах нөхцөл байдал тогтоогджээ. Үүнд:
1. “Т” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/878 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасанд ...шатны шүүх захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба уг хэрэгт “Б” ХХК гуравдагч этгээдээр оролцжээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, тус шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0472 дугаар тогтоолоор хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай гуравдагч этгээд “Б” ХХК хүсэлт гаргасныг тус шүүх хэлэлцээд 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 12//ШТ2021/0028 дугаар тогтоолоор 128/ШШ2019/0472 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр заасан, хэргийг шүүгч Ц.О- нь 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2021/0501 дүгээр захирамжаар “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрч, биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/1055 дугаар захирамжаар 2018 оны А/878 дугаар захирамжийг хүчингүй болгохдоо шүүхийн 2019 оны 128/ШШ2019/0472 дугаар тогтоолыг үндэслэл болгосон байна.
3. “Б” ХХК-ийн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох 4 шаардлага бүхий нэхэмжлэлд ...шатны шүүх захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, зарим нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Шийдвэрт нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргасан, ...шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 128/МА2016/00251 дүгээр магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулсан, энэхүү шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж бүрэлдэхүүнд шүүгч Д.Баатархүү, Э.Л- нар оролцжээ.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 568 дугаар захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай “Богд- Асар” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ...шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 7876 дугаар захирамжийг ...шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 650 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шүүх хуралдааны бүрэлдэхүүнд шүүгч Э.Л- оролцжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар шүүгч энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулах ба шүүгчид хориглох зүйлийг 50.1 дүгээр зүйлд нэрлэн заасан байна.
...шүүхийн шүүгч Э.Л-гийн тухайд:
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д зааснаар шүүгч нь бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байгаа хэргийн талаар саналаа бие даан гаргах, хууль хэрэглээний талаар тусгай саналтай бол бичгээр гаргаж хэрэгт хавсаргах бүрэн эрхтэй бөгөөд хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д “шүүх хамтын зарчмаар хэрэг маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргана. Хяналтын шатны шүүхийн шүүгч тусгай саналаа шүүхийн цахим хуудаст байршуулж, нийтлэх эрхтэй” гэжээ.
Тухайн хэрэг маргааныг давж заалдах журмаар хянан хэлэлцэхэд шүүгч Э.Л- тусгай санал гаргасан бол энэ тухайгаа бичгээр гаргаж хэрэгт хавсаргах бөгөөд тэрээр тусгай саналыг хэргийн оролцогчдод танилцуулах үүрэггүй тул хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.
Иймд шүүгч Э.Л-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай илтгэгч гишүүний санал хэргийн баримтад үндэслэгдсэн, хуульд нийцсэн тул саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
...шатны шүүхийн шүүгч Ц.О-гийн тухайд:
1. Илтгэгч гишүүний сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтэд “...шүүх хуралдааныг товлон зарлахаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарласан, ...хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаагүй болохоо илэрхийлсэн нь тогтоогдож байна гээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.10-т шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэж заасныг шүүгч зөрчиж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчил гаргасан.” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах журмыг зохицуулсан ба 70.2-т “шүүх хуралдааныг товлон зарлахад урьдчилсан хэлэлцүүлэг хийнэ”, 70.10-т “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж тус тус заасан.
...шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийг 11 цаг 30 минутад эхэлсэн байх ба “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааны товыг тогтоох асуудлыг хэлэлцэхээр хуралдаан даргалагч шүүгч Ц.О- танилцуулахад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр А/1055 дугаар захирамжаар “Т” ХХК-д газар эзэмшүүлэх тухай захирамж гаргасан тул нэхэмжлэлийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх” хүсэлтийг гаргажээ.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...шүүхийн шийдвэрийг биелүүлж, Нийслэлийн Засаг даргын А/1055 дугаар захирамжаар А/878 дугаар захирамжийг хүчингүй болгосон...” гэсэн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч “...нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул шүүх хуралдаан зарлах боломжгүй, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаах нь шүүхийн эрх хэмжээний асуудал...” гэсэн тайлбарыг тус тус гаргасан нь хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/878 дугаар захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох тухай “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрч биелүүлсэн нь тогтоогдсон, энэ тохиолдолд шүүх хуралдаан товлон зарлах шаардлагагүй тул шүүгчийн захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасантай нийцжээ.
Дээр дурдсанаас үзвэл, урьдчилсан хэлэлцүүлэг нь шүүх хуралдааныг товлон зарлах зорилгоор зарласан боловч талууд шүүх хуралдаанд хүсэлт гаргаж, хэлэлцүүлсэн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь тогтоогдсон бөгөөд энэ тохиолдолд шүүгч цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасан зөрчилд хамаарахгүй. Түүнчлэн шүүгч Ц.О-гийн дээрх үйлдэл хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөний алинд нь хамаарч байгаа нь тодорхой бус, энэ талаар нотлох дүгнэлтэд тусгагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.
2. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01/2966 дугаар албан бичгээр “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Б-өд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2, 21.2, 28 дугаар зүйлийн 28.2.1, 28.2.6-д заасан эвлэрэхээс бусад эрх, үүргийг хэрэгжүүлэн оролцуулахаар итгэмжлэл олгожээ.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дах хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ” гэж тодорхойлсон.
Өргөдөл гаргагч “Б” ХХК нь тухайн захиргааны хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх болон нэхэмжлэлээс татгалзахаас бусад хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээдэг.
Иймд өргөдөлд дурдсан “...хариуцагчийн төлөөлөгчид эвлэрэх эрх итгэмжлэлээр олгогдоогүй байсан, ...гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдол нь сахилгын зөрчилд хамаарахгүй талаар илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий байна.
Дээр дурдсанаар шүүгч Ц.О-д холбогдох нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, холбогдох шүүгч нарт үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.1.2, 112.2, 112.4, 112.6, 112.7, 112.8-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хүчингүй болгож, ...шатны шүүхийн шүүгч Ц.О, ...шүүхийн шүүгч Э.Л нарт үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
3. Энэхүү магадлалыг илтгэгч гишүүн, сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
4. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
5. Энэхүү магадлалыг хүргүүлснээр гардан авсанд тооцох бөгөөд гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮД Ц.ДАВХАРБАЯР
Г.ЦАГААНЦООЖ