info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-03-23

Дугаар 136

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шийдвэрлэх тухай

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, нарийн бичгийн даргаар Г.Болортуяа, ажиглагчаар өргөдөл /гомдол/ гаргагч  С.Б нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Тус хуралдаанаар өмгөөлөгч С.Б, Ж.Г- нарын өргөдлөөр, ...шүүхийн Ерөнхий шүүгч Б.О-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн О.Номуулины илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн О.Номуулин Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: Шүүхийн сахилгын хорооны гишүүн О.Номуулин би өмгөөлөгч С.Б, Ж.Г нараас ...шүүхийн Ерөнхий шүүгч Б.О-д холбогдуулан гаргасан өргөдөлд Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулаад

Өргөдөл гаргагч өмгөөлөгч С.Б, Ж.Г нар Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ гаргасан өргөдөлдөө: “...Ерөнхий шүүгч Б.О нь ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 06 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох Д.З-ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа билээ. Нэхэмжлэгч Д.З нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 70 дугаар зүйлийн 70.1.2-т зааснаар “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” хүсэлтийг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан бөгөөд уг хүсэлтийг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд хариуцагчийн зүгээс гаргасан хүсэлтээр нэг удаа хойшилж 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 17.00 цагт товлогдсон хэдий ч 10 минут хоцорч, 17.15 минутын орчим хуралдсан. Энэ хуралдааны явцад Ерөнхий шүүгч Б.О- нь ёс зүйн хувьд байж боломгүй үйлдлийг гаргасан. Үүнд: Тус хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч А.З-ыг гар утсаар чанга яригч дээр нь тавьж хуралд оролцуулсан нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.14 дэх хэсэгт “шүүх хуралдааны дууны, дуу-дүрсний бичлэг хийх, архивлах болон шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журмыг хуульд заасны дагуу батлах” гэсний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 116 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Захиргааны хэргийн хөдөлгөөний түр аргачлалын 1.1-д “...гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхэд шүүх хуралдааныг дуу-дүрсний төхөөрөмж ашиглан цахимаар явуулахаар”, 3.6.1-т “хэргийн оролцогчийн бичгээр хүсэлтийг харгалзан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг дуу-дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас цахимаар ...оролцуулах” журмыг маш ноцтойгоор зөрчсөн. Хамгийн ноцтой нь утасны цаанаас хэргийн оролцогч мөн эсэхийг хэрхэн таньж оролцуулж байгаа нь ойлгомжгүй учир нь дуу-дүрсний төхөөрөмж ашиглаагүй, зөвхөн гар утсаа чанга яригч дээр нь тавьж оролцуулсан. 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр  ...шүүгчийн туслах А.Б-аас хариуцагч нараас ирсэн ямар нэг хүсэлт байна уу гэж лавлахад тэрээр одоогоор алга байна гэж тодорхой хариулсан. Удалгүй шүүгч гаднаас орж ирсэн. Туслах А.Б шүүгчийн өрөө рүү ороод, гарч ирэхдээ ...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Б-ын гарын үсэг бүхий “Нэхэмжлэгч Д.З-ын захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр Засаг даргыг огцруулах саналыг өргөн мэдүүлсэн нэр бүхий 14 төлөөлөгчийг хэргийн хариуцагчаар татан оролцуулж өгнө үү” гэх хүсэлтийг гартаа барьсаар гарч ирсэн. Хариуцагч хүсэлтээ шүүхээр биш шүүгчээр дамжуулан өгсөн гэж хардаж байна. Учир нь уг хүсэлтийн огноо 2021.07.28 гэсэн байх тул цаг хугацааны хувьд аль хэдийн хавтаст хэрэгт тусгагдсан байх боломжтой юм. Хэдхэн минутын өмнө хавтаст хэрэгтэй танилцахад тэр хүсэлт байхгүй байсан атлаа шүүгчийн өрөөнөөс гарч ирсэн ойлгомжгүй. ... Хүсэлттэй холбоотой тайлбаруудыг хариуцагч талаас авч хурал завсарлаад орж ирэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан урьдчилсан хэлэлцүүлэгт огт хамааралгүй, хариуцагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэснээ танилцуулж, захирамжийн үндэслэлийг тайлбарлах үеэр нэхэмжлэгчийн өмгөөлөгч бид шүүгчтэй хууль хэрэглээний талаар маргаан гарсан. Гурав: Дахин дурдахад нэхэмжлэгч Д.З нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 70 дугаар зүйлийн 70.1.2-т зааснаар “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” хүсэлтийг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан бөгөөд уг хүсэлтийг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд адил хариуцагч талын өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан гэдэг хүсэлттэй холбоотой ямар ч нотлох баримтгүйгээр хурлыг хойшлуулахад бид асуудал тавиагүй бөгөөд Улаанбаатар хотоос зорьж очиж оролцоход харин шүүгчийн байр суурь, хэт нэг талыг барьж буй байдал тодорхой боллоо. Дөрөв: ... шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нотлох баримтад үзлэг хийх тухай захирамжаар тус өдөр ...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын холбогдох баримт бичигт шүүх санаачилгаараа үзлэг хийхдээ хуульд заасан “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, ...ажиллагааг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна” гэх шаардлагыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болоод түүний өмгөөлөгч 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр буюу уг ажиллагаа хийгдсэнээс 2 хоногийн дараа энэ тухай мэдсэн. Тиймээс үзлэг хийхэд хэрэгт хувийн болон албаны сонирхолгүй, эрх зүйн бүрэн чадамжтай хүнийг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан гэдэгт итгэхгүй байна. Ийнхүү Шүүгчийн ёс зүйн дүрэм, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, Монгол улсын Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж, ёс зүйн алдаа гаргасан Ерөнхий шүүгч Б.О-д хариуцлага тооцож Өмгөөллийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасны дагуу хариу өгнө үү” гэжээ.

Шүүгч Б.- Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд Д.З-ын нэхэмжлэлтэй ...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох ...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 6 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн болно. ...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн бэлтгэлийг хангаж оролцуулах, хэргийн оролцогч талаас онлайнаар оролцуулах болсон талаар шүүгчийн туслах хэлсэн. Хариуцагч талын өмгөөлөгч нь тухайн хуралдаанд онлайн нь болохгүй байгаа тул шүүгчийн туслахын утсаар оролцоход нэхэмжлэгч талууд тухайн үед ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй. Тухайн өдөр хариуцагч талаас “хамтран хариуцагч татах” хүсэлтээ шүүгчийн туслах А.Б-д ...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан өөрийн биеэр өгсөн байдаг. Шүүгчийн туслах А.Б шүүгч миний өрөөнд оруулж ирээд танилцуулаад буцааж аваагүй гарсан байдаг. Миний бие тухайн өдөр бие өвдөж халуунтай байсан тул гэр лүүгээ явсан. Ажилдаа ирэхэд үүдэнд хэргийн материалтай танилцаад сууж байсан 2 хүн байсан. Шүүгчийн туслах А.Б нь араас орж ирсэн. Би энэ хүсэлтээ танилцуулахгүй яасан юм бэ гэж хэлсэн. Тухайн хүсэлтийг нэхэмжлэгч өмгөөлөгч нарт шүүгчийн туслах танилцуулсан. ...2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т нар оролцсон. Уг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хотоос А.З өмгөөлөгчөөр авсан талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 70.1.2-т заасан хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэргийн оролцогчдыг татан оролцуулснаас хойш тооцно” гэж хуульчилсан нь маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогч болох хамтран хариуцагч нарыг татан оролцуулснаар дээрх хүсэлтийг шийдвэрлэх хугацааг тоолно гэсэн зохицуулалт юм. Хэрэв уг хуулийн зүйл, хэсэг, заалтыг шүүгч хүн баримтлаж ажиллаагүй бол хууль хэрэглээ болон хуулийг ноцтой зөрчигдөхөд хүрнэ. Шүүхээс тухайн хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийсэн билээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.2 дахь заалтыг шийдвэрлэхэд ямар ч нотлох баримтгүй шүүх хуралдааныг хойшлуулсан зүйл байхгүй болно. Учир нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батмөнх нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд оролцож байсан, шүүх хуралдаанд хариуцагч талаас өмгөөлөгч авах хүсэлтийг гаргаж байсан, энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд тайлбар, мэдүүлгээ өгч байсан. Ерөнхий шүүгч Б.О- миний бие шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол улсын Үндсэн хууль, бусад хуульд захирагдаж, хууль, дүрэм, журмын дагуу ажиллаж байна. Миний бие шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа шүүгчийн өөр бусад ажлаас ямагт илүү чухал гэдгийг ухамсарлаж, хувийн амьдрал нь мэргэжлийн үүрэгтэй нь зөрчилдөх нөхцөл байдал бий болоогүй болно. Уг хэрэгт шаардлагатай гэж үзсэн нотлох баримт болох нэхэмжлэгч Д.З-ыг аймгийн Засаг даргаар томилуулахыг уламжилсан ...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны материалууд, мөн ...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанд Засаг даргыг огцруулах санал өргөн мэдүүлсэн нэр бүхий 14 төлөөлөгч гаргасан санал, холбогдох баримтууд, мөн ...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны материалуудыг хуулбарлан авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар баталгаажуулан холбогдох нотлох баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан болно. Шүүгч хүн хэрэг маргааныг түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд тухайн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүрэгтэй, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. Тухайн өдөр шүүхээс ганцхан Д.З-ын нэхэмжлэлтэй хэрэгт үзлэг хийгээгүй,  Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай холбоотой 2 нэхэмжлэл, ...аймгийн Төрийн албаны салбар зөвлөл, Төрийн өмчийн хороо, аймгийн Тамгын газар зэрэг байгууллагуудад бичиг баримтад үзлэг хийгдсэн байдаг. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх хэсэгт зааснаар уг нотлох баримтуудыг хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасуулах эрх нь хэргийн оролцогч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарт нээлттэй байгаа болно. Уг хэрэг маргаан нь эцэслэн шийдвэрлэгдээгүй. Маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс уг шүүгчийн захирамж нь хэвээр шийдвэрлэгдэж ирсэн. Шүүх хуралдаан зарлах болгонд нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгч, ерөнхий шүүгч, тухайн шүүхийн шүүгчдийг татгалзах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан болно. Шүүгч би Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 /1/-д зааснаар “Шүүгч нь хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх, үнэнч шударга байх, аливаа асуудалд бодитой, төвийг сахисан байр сууринаас хандах, хараат бус байх, үүрэгт ажилдаа хариуцлагатай хандах, ...мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ” гэж тус тус заасны дагуу аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ баримталж ажилладаг билээ. Гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хэргийн оролцогчийн тайлбар болон сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад: Монгол Улсын Шүүхийн тухай хууль 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан, хуучин Шүүхийн ёс зүйн хороонд ирсэн өргөдөл, мэдээлэл 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гишүүдэд хуваарилагдсан тул мөн өдрөөс хугацааг тооцож сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн болно.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Д.З-ын нэхэмжлэлтэй ...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 06 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасны дагуу ...шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 220 дугаар захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр товлосон байх ба 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 226 дугаар шүүгчийн захирамжаар “...шүүхийн байранд ковид-19 халдварын тохиолдол бүртгэгдсэн” гэх үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлгийг 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хойшлуулсан, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 230 дугаар шүүгчийн захирамжаар “...хариуцагч өмгөөлөгч авсан, тэдгээрийг шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбар гаргах, мэтгэлцэх боломжоор хангах” үндэслэлээр 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл урьдчилсан хэлэлцүүлгийн хугацааг сунгасан, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 238 дугаар шүүгчийн захирамжаар нотлох баримтуудад үзлэг хийж, баримтуудыг хуулбарлан авч хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсэн, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 240 дүгээр шүүгчийн захирамжаар “...уг хэрэгт шинээр хамтран хариуцагч нарыг татан оролцуулах шаардлагатай, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэргийн оролцогчдыг татан оролцуулснаас хойш тооцохоор хуульчилсан” гэх үндэслэлээр 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл урьдчилсан хэлэлцүүлгийн хугацааг сунгаж, мөн өдрийн 241 дүгээр шүүгчийн захирамжаар ...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий төлөөлөгчдийг хамтран хариуцагчаар татаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан шүүгчийн үйл ажиллагаатай холбоотойгоор нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас гомдол гаргаж, үндэслэлээ “хариуцагчийн өмгөөлөгч А.З-ыг гар утсаар чанга яригч дээр нь тавьж хуралд оролцуулсан нь холбогдох хууль болон аргачлалыг зөрчсөн, хариуцагч хүсэлтээ шүүгчээр дамжуулан өгсөн, урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэхгүй хамтран хариуцагч татуулах хүсэлтийг шийдвэрлэсэн, шүүх санаачилгаараа үзлэг хийхдээ хуулийн шаардлага зөрчсөн” гэж тодорхойлжээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.14-т “шүүх хуралдааны дууны, дуу-дүрсний бичлэг хийх, архивлах болон шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журмыг хуульд заасны дагуу батлах” гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрхийг хуульчилсан бол Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 116 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Захиргааны хэргийн хөдөлгөөний түр аргачлалын 1.1-д “Энэ аргачлалаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед ...шүүх хуралдааныг дуу-дүрсний төхөөрөмж ашиглан цахимаар явуулах, ...харилцааг зохицуулна.”, 3.6.1-д “Хэргийн оролцогчийн бичгээр гаргасан хүсэлтийг харгалзан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд дуу-дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас цахимаар эсхүл өөрт ойр байрлах шүүхийн байрнаас оролцуулж, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг эдлүүлнэ” гэж заасан.

Гэтэл ...шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд /Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байсан/ хариуцагчийн өмгөөлөгч А.З-ыг шүүгчийн туслахын гар утсыг чанга яригч дээр нь тавьж оролцуулсан нь дээрх хууль болон аргачлалыг зөрчсөн байх ба ийнхүү хариуцагчийн өмгөөлөгчийн дүрс харагдахгүй, гагцхүү утасны чанга яригчаар дуу нь сонсогдож байгаа энэ тохиолдлыг дуу-дүрсний төхөөрөмж ашиглан цахимаар оролцуулсан гэж үзэхгүй.

Дээрх нөхцөл байдал нь хуулийн илт тодорхой заалтыг буруу хэрэглэсэн үйлдэл мөн боловч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж тухайн зөрчлийн хэр хэмжээ, давтамжаас хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тодорхойлохоор хуульчилсан байх тул шүүгч Б.О-ийн гаргасан зөрчилд “ноцтой”, “удаа дараа” гэх тухайлсан шаардлага хангагдаагүй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийг гар утасны чанга яригч дээр нь тавьж яриулан оролцуулахад нэхэмжлэгч талаас эсэргүүцсэн санал хүсэлт гаргаагүй байх бөгөөд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх шаардлагаар ийнхүү оролцуулсан шүүгчийн үйл ажиллагааг шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн ноцтой зөрчилд тооцохооргүй байна.

Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1. “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлж нотлох баримт цуглуулсан, хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Шүүгч дараах хүсэлтийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэнэ: 70.1.4. “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс урьдчилсан хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудал” гэж заасан тул хамтран хариуцагч татуулах хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар шийдвэрлэх эсэх нь шүүгчийн бүрэн эрхэд хамаарахаар байх тул сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Мөн хэрэгт авагдсан шүүгчийн туслах А.Б-гийн “...2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр намайг 8 тоот өрөөнөөс гараад 4 тоот өрөө рүү орох гэж явахад 15 цагийн орчим ...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны хүн надад хүсэлт өгсөн. Уг хүсэлтийг би ерөнхий шүүгчид танилцуулаад авч гарахаа мартаад үлдээсэн байсан болно. Тэгээд өмгөөлөгч нарыг хэргийн материалтай танилцаж байхад ерөнхий шүүгч орж ирсэн тул би өрөө рүү нь орж тухайн хүсэлтийг өмгөөлөгч нарт танилцуулсан...” гэсэн тайлбараар өргөдөлд дурдсан “хариуцагч хүсэлтээ шүүгчээр дамжуулан өгсөн” гэх гомдол үгүйсгэгдэж байна.

Иймд өмгөөлөгч С.Б-, Ж.Г- нарын өргөдөлтэй, ...шүүхийн Ерөнхий шүүгч Б.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргах нь зүйтэй гэжээ.

Өргөдөл гаргагч С.Б- 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр сахилгын хорооны хуралдааны өмнө өгсөн нэмэлт тайлбартаа: “Монгол Улсын Шүүхийн сахилгын хороонд өмгөөлөгч С.Б миний бие ...шүүхийн Ерөнхий шүүгч Б.О-д холбогдуулан тус шүүгчийн сахилгын зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл гаргасанд сахилгын хэрэг шалгах ажиллагаа явагдаж Сахилгын хорооны хуралдаан товлогдсонтой холбогдуулан дараах нэмэлт, тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Монгол Улсын Шүүхийн тухай хууль 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж, хүчин төгөлдөр мөрцөгдөжбайгаа бөгөөд шүүгч Б.О- нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийи хуралдаанд тус хуульд заасан дараах ноцтой зөрчлүүдийг гаргасан Үүнд:

1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50.1.25-т “Шуүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа
дараа зөрчих" зөрчлийг гаргасан түхайд:

2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр товлогдсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хариуцагчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүйгээ баримтаар нотлоогүй байхад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.8-т заасны эрхийнхээ хүрээнд шүүгч нэг удаа хойшлуулж 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр товлосон. Уг асуудалд бид хүндэтгэлтэй хандсан.

Гэтэл 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгч хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс Үндсэн хуралдаанд өгч байна гэж тайлбарласан Нэр бүхий 14 төлөөлөгчийг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг хэлэлцүүлж, уг хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг мөн хойшлуулсан. Уг үйлдэл нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх журмыг ноцтой зөрчсөн бөгөөд 70.1-д заасан Урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудал биш. 70.8-д зааснаар дахин урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл биш болно.

2. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50.1.34-т "шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэх зэрэг хэрэгт хамааралгүй өөр бусад үйл ажиллагаа явуулах" зөрчлийг гаргасан тухайд:

Мөн хариуцагчийн өмгөөлөгч А.З 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биечлэн ирээгүй, Zoom программ ашиглаж орох гэсэн боловч өөрийн зүгээс техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж чадаагүй.

Гэтэл шүүгч Б.О нь мөн хариуцагч талд илт үйлчилж А.З-ыг гар утасны чанга яригч дээр тавиулан өөрийнх нь танилцаагүй, хариуцагчаас гаргасан дээрх хүсэлтийг танилцуулж хүсэлтийг дэмжих эсэхийг тодруулан шүүх хуралдааны дэг, нийтлэл журам, онлайн хэлбэрээр оролцуулах дүрэм журмуудыг ноцтой зөрчсөн.

Дээрх үйлдэл нь шүүгч хэргийн нэг талд шууд үйлчлэх, шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэх, хэрэгт хамааралгүй асуудлыг наалдуулах шүүгчийн субъектив хандлагыг тод харуулж байна

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.1-т "албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох" зөрчлийг гаргасан тухайд:

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хуульд заасан үндэслэл, журмынхаа дагуу явагдсан бол миний үйлчлүүлэгч Д.З-ын актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг дараагийн захиргааны акт гаргахаас өмнө хэлэлцэх хуулийн боломж байсан.

Харамсалтай нь шүүгч Б.О нь хариуцагч талд илэрхий үйлчилж, өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээг хэтрүүлсний улмаас 2021.08 17-нд дараагийн захиргааны акт гарч үйлчлүүлэгчийн гаргасан актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт үр нөлөөгүй болсон

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх, хараат бус зарчмыг баримтлан ажиллаж буй та бүхэн тус шүүгчийн гаргасан үйлдлийн үйл баримтыг бодитойгоор үнэлж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийнэ гэдэгт итгэж уг нэмэлт тайлбарыг хүргүүлэхийн сацуу шүүгч гишүүн нь шүүгчийнхээ асуудлыг хамгаалаад өнгөрдөг хуулийн алдааг давтаж болохгүй юм” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагчийн өмгөөлөгчийг гар утасны чанга яригчаар хуралдаанд оруулсан гэх гомдлын тухайд: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.14-т “шүүх хуралдааны дууны, дуу-дүрсний бичлэг хийх, архивлах болон шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журмыг хуульд заасны дагуу батлах” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл 2020 оны 11 дүгээр сарын сарын 24-ний өдрийн 116 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед авч хэрэгжүүлэх” Захиргааны хэргийн хөдөлгөөний түр аргачлал”-ыг батлан гаргажээ.

Уг аргачлалын 1.1-д “Энэ аргачлалаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед ...шүүх хуралдааныг дуу-дүрсний төхөөрөмж ашиглан цахимаар явуулах, ...харилцааг зохицуулна”, 3.6.1-д “Хэргийн оролцогчийн бичгээр гаргасан хүсэлтийг харгалзан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд дуу-дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас цахимаар эсхүл өөрт ойр байрлах шүүхийн байрнаас оролцуулж, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг эдлүүлнэ” гэж заажээ.

Засгийн газрын газрын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаар тогтоолоор Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт гамшгаас хамгаалах бэлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байсан үед буюу 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэн Д.З-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ...аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэлэлцэх ...шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хариуцагчийн өмгөөлөгч А.З-ыг шүүгчийн туслахын гар утсыг чанга яригч дээр тавьж оролцуулсан нь дээрх хууль болон аргачлалын зөрчсөн байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн дүрс харагдахгүй, гагцхүү өмгөөлөгчийн яриа утасны чанга яригчаар сонсогдож байгааг дуу-дүрсний төхөөрөмж ашиглан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцуулсан байна гэж үзэхгүй.

Тус шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, Ж.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т, хариуцагчийн өмгөөлөгч А.З нар оролцсон байх ба хариуцагчийн өмгөөлөгчийг гар утсаар оролцуулахад нэхэмжлэгчийг өмгөөлөгч нар татгалзаагүй, оролцуулахгүй байх санал, хүсэлт гаргаагүй болох нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн бичлэгт тусгагдсан байна. Тухайлбал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б хариуцагчийн гаргасан хүсэлтийг хэлэлцэхээс татгалзсан тайлбарынхаа үндэслэлийг хэлсний дараа “04 минут 19 секундээс 04 минут 23 секундийн хооронд хуралдааныг үргэлжлүүлэх нь зүйтэй байхаа“ гэж хэлсэн нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б хариуцагчийн өмгөөлөгч А.З-ыг гар утасны чанга яригчаар урьдчилсан хэлэлцүүлэгт оролцуулахыг татгалзаагүй, хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “...нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн... өмгөөлөгчийг... шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “...өмгөөлөгч шүүх хуралдаанд ...тэгш эрхтэй оролцоно”, 70 дугаар зүйлийн 70.5 дахь хэсэгт “...шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг мэтгэлцэх зарчмаар явагдах...”, 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэгт “шүүх хуралдаан даргалагч ...хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах... арга хэмжээ авна” гэж тус тус заасныг шүүгч хэрэгжүүлэн ажилласан үйл ажиллагааг шууд буруутгах, ноцтой зүйл, алдаа зөрчил байсан гэж үзэх үндэслэлгүй.

Шүүгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийг оролцуулахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1, 30.4.7 дахь заалтуудыг хэрэгжүүлэн оролцохыг анхааруулж, хуралдааныг хаасан болох нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ... дүгээр шүүгчийн захирамж болон энэ өдрийн хуралдааны дуу-дүрсний бичлэгээс тодорхой харагдаж байгаа болохыг тухайлан дурдах нь зүйтэй.

Түүнчлэн илтгэгч гишүүний шүүгч хуулийн илт тодорхой заалтыг буруу хэрэглэсэн үйлдэл мөн боловч Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах “ гэж тухайн зөрчлийн хэр хэмжээ, давтамжаас хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тодорхойлохоор хуульчилсан байх тул Б.О-гийн гаргасан зөрчилд “ ноцтой”, “удаа дараа “ гэх тухайлсан шаардлага хангагдаагүй, мөн шүүгчийн энэ үйл ажиллагааг шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн ноцтой зөрчилд тооцохооргүй байна” гэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлтийг урьдчилсан хуралдаанаар хэлэлцүүлсэн, шүүх бичиг баримтад үзлэг хийхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулаагүй гэх гомдлын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ...хэргийн оролцогчийг татан оролцуулна”, энэ хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт “шүүгч дараах хүсэлтийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэнэ”, мөн зүйлийн 70.1.4-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс урьдчилсан хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудал“ гэж заасан байх тул хариуцагчийн хамтран хариуцагч татуулах хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар шийдвэрлэх эсэх нь шүүгчийн бүрэн эрхэд хамаарах тул сахилгын зөрчил гаргаагүй байна гэж бүрэлдэхүүн үзэв.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, ...ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл, цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно”, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулна” гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлж, нотлох баримт цуглуулах хүрээнд хуулийн дагуу шүүхийн санаачилгаар үзлэг явуулсныг шүүгч хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Өргөдөл гаргагч С.Б-ийн нэмэлт тайлбарт шүүгчийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасныг зөрчсөн гэх тухайд: Шүүгч Д.О албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө эсхүл бусдад давуу байдал олгосон зөрчил гаргасан гэх үйл баримт, үндэслэл  сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож, нотлогдоогүй болно.

Иймд өмгөөлөгч С.Б, Ж.Г нарын өргөдөлд дурдсан Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүгчийн ёс зүйн дүрэм, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг зөрчиж, ёс зүйн алдаа гаргасан гэх үйл баримт тогтоогдож, нотлогдохгүй байх тул ...шүүхийн Ерөнхий шүүгч Б.О-д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох  гишүүний санал нь үндэслэлтэй байна гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.4, 112.6, 112.7, 112.8-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ...шүүхийн Ерөнхий шүүгч Б.О-д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

3. Энэхүү магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

5.  Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авснаар тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                      Д.ЭРДЭНЭЧУЛУУН

ГИШҮҮН                                       Ц.ДАВХАРБАЯР  

 Б.СУГАР