info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-03-02

Дугаар 94

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Б.Сугар, Д.Ариунтуяа нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, ... шүүхийн шүүгч С.Х-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өргөдөл гаргагч Ч.Я Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө:  “...шүүхийн даргалагч шүүгч Д.С, шүүгчид С.Х, С.Э нар 2017.04.10-ны ...  дугаар шүүхийн шийдвэр гаргахдаа хариуцагч Ч.Я миний биеийг шүүх хуралд оруулахгүйгээр шүүхийн шийдвэр гаргасан нь Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх, Үндсэн хуулийн 16-р зүйлийн 14 дэх заалтуудыг зөрчсөн. Шалгаж үнэнийг тогтоож, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг сэргээх шийдвэр гаргаж өгөхийг хүсье.” гэх агуулгыг дурджээ.

            ...шүүхийн шүүгч С.Х Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...1.Хэргийг Ч.Я-ийн эзгүйд шийдвэрлэсэн тухайд: 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч Ч.Я-д 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн болох нь 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар тогтоогдож байна. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар гомдол гаргагч Ч.Я-ийн тус хороонд гаргасан гомдолд шүүгчийн туслах Э.Ц /Д.С шүүгчийн туслах/ 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн талаар дурджээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу иргэн Ч.Я-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх боловч иргэн Ч.Я нь 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн   төлөөлөгч   Б.С-ийн   хариуцагчийн   эзгүйд   хэргийг   хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг хангаж, хариуцагч Ч.Я-ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Иргэн Ч.Я-ийн гомдолд дурдсан шүүгч С.Х миний бие болон бусад шүүгчид нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хуульд захирагдаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба Ч.Я-д холбогдох иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй болох нь ... шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2... дугаар магадлал, ... шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаар тогтоолоор тогтоогдож байгаа болно.

2.Шүүхийн шийдвэрийг гардуулсан тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүгч Д.С-ын туслах Э.Ц тус шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаар шийдвэрийг иргэн Ч.Я-ийн оршин суух хаягаар 2017 оны 4 дүгээр сарын 20-ны шуудангаар хүргүүлсэн боловч заасан хаягт удаа дараа очиход хүнгүй, дугаар холбогдохгүй байгаад байгаа гэсэн шалтгаанаар буцаагдсан болох нь "Монгол шуудан" ХК-ийн магадалгаагаар тогтоогдож байна. Шүүх иргэн Ч.Я-д 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ... дугаар шийдвэрийг гардуулан, иргэн Ч.Я- нь 01014 дугаар шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхээ эдэлсэн байна.

...Тус шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болох нь ... шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар магадлал, ... шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаар тогтоолоор тогтоогдож байна.” гэжээ.

Илтгэгч гишүүн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан “Сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох санал”-даа:  “Шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлж, хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийдвэр гаргажээ. Иргэн Ч.Я-д шүүх хуралдааны товыг мэдэгдэж, гарын үсэг зуруулсан болох нь 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримтаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-ийн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг хангаж, хариуцагч Ч.Я-ийн эзгүйд хэргийн хянан шийдвэрлэжээ.

Мөн тус хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу холбогдох шийдвэр гаргажээ. Нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх эрхтэй гэдэг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна гэж үзлээ. ...” гэжээ.                           

ҮНДЭСЛЭХ нь:

         Иргэн Ч.Я нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргасныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 47 дугаар захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

            Өргөдөл гаргагч нь 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар болсон үйл явдалтай холбогдуулан гомдол гаргасан байх бөгөөд тухайн гомдлыг Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан бол Шүүхийн ёс зүй хороо, Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг Сахилгын хороонд шилжүүлнэ” гэж заасны дагуу 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэж, харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.

Өргөдөл гаргагчаас өргөдөлдөө “Ч.Я миний биеийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шүүхийн шийдвэр гаргасан” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан нотлох баримт болох “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримтаар[1] 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр болох шүүх хуралдааны товыг хариуцагч Ч.Я-д 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр мэдэгдэж, гарын үсэг зуруулсан нь тогтоогдож байна.

Тухайн өдрийн шүүх хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-ийн гаргасан хүсэлтийг хангаж хариуцагчийн эзгүйд хэргийн хянан шийдвэрлэжээ. Энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.

 Мөн өргөдөл гаргагч өргөдөлдөө “2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаас ямар шийдвэр гаргасан тухай хариуцагч надад мэдэгдсэн зүйл нэг ч байгаагүй” гэжээ

Сахилгын хэрэгт авагдсан (Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, шийтгэврийг хэргийн оролцогчид гардуулсан, хүргүүлсэн тухай) Баримт №11-т[2] нотлох баримтад хариуцагчид шийдвэр хүргүүлсэн  “М” ХК 2017 оны 4 дүгээр сарын 20 гэх огноо бүхий дардас дарагдсан байх ба заасан хаягт удаа дараа очиход хүнгүй, дугаар холбогдохгүй гэж бичигдсэн Магадалгаа[3] зэргээр хариуцагчид шийдвэрийг гардуулах ажиллагаа хийгдсэн нь нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д заасны дагуу хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг гардаж авах, биелүүлэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн ... дүүргийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ... дүгээр шийдвэрээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг ... шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар магадлалаар “шүүх талуудын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн” гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно” гэж заасан ба Улсын дээд шүүхийн тогтоол хуулийн хүчинтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд шүүх нотлох баримтыг үнэлэх талаар хуульчилсан байх бөгөөд шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг.

Иймд хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн шүүгчийн үйл ажиллагааг сахилгын болон ёс зүйн зөрчил гэж тодорхойлох боломжгүй гэж үзэж илтгэгч гишүүнээс сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авч, шүүгч С.Х-ад үүсгэсэн сахилгын хэргийг бүхэл нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ...шүүхийн шүүгч С.Х-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8-д зааснаар 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай. 

                       

ДАРГАЛАГЧ                                    Х.ХАШБААТАР

                              ГИШҮҮН                                    Д.АРИУНТУЯА

                                                                        Б.СУГАР

 

 

[1] Сахилгын хэргийн 21 дэх тал

[2] Сахилгын хэргийн 32 дахь тал

[3] Сахилгын хэргийн 33 дахь тал