МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-03-02
Дугаар 93
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Б.Сугар, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ... шүүхийн Ерөнхий шүүгч Ё.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
Хуралдаанд илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, өргөдөл /гомдол/ гаргагч З.Э ажиглагчаар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн З.Э Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ гаргасан өргөдөл /гомдол/-доо: “...2019 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Ё.Б даргалсан ба ... сургуулийн 8 өрөөг С.З агсны 5 хүүхдүүдэд өв нээж өгсөн байхад түүнд үнэлэлт дүгнэлт хийгээгүй нь буруу гэж шийдвэрийг хүчингүй болгож буцаасан. Анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шийдвэр гаргасан, давж заалдах шатны шүүх хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 15-нд болж,...миний гаргаж өгсөн баримтуудыг няцаасан үндэслэлүүдийг огт дурдаагүй шийдвэр гаргасан. Нотариатч нь үнэнээ ярьж мэдүүлэн гэм буруугаа хүлээсээр байтал нотариатчийн үйлдлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж илт нэг талыг барьж шийдвэр гаргаж хувийн сэдэлт гаргасанд гомдолтой.
2021 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд Л.Б-ыг өмгөөлөгчөөр авч хуульд заагдсан эрхээ эдлэх хүсэлт гаргахад шүүгч Ё.Б нь “...байгаа газрынхаа өмгөөлөгчийг авч болно ш дээ” гэж миний өмгөөлөгчөө сонгох авах эрхэнд бүдүүлгээр халдаж нөлөөлөх оролдлого гаргасан. Мөн шинэ өмгөөлөгч авч хэргийн материалтай танилцах хугацаа авах болон шүүх хуралдаан давхацсан тухай хүсэлт гаргахад “... ... шүүх, шүүх биш юм уу” гэж илт ялгаварлах үзэл гаргаж ёс зүйгүй авирлаж байна ...шүүгч Ё.Б болон хариуцагч нар нь олон жил нэг байранд хөрш зэргэлдээ амьдардаг бөгөөд шүүх хуралдаан дээр илт бүдүүлэг ялгаварласан ёс зүйгүй үйлдлүүдийг илэрхий гаргаж, миний гаргасан нотлох баримтуудыг няцаагаагүй, үндэслэлийг дурдаагүй эрс тэс эргэж буцсан туйлбаргүй шийдвэрийг гаргаж буй байдлаас нь харахад хариуцагчтай хувийн харилцаа тогтоосон байж болзошгүй, хариуцагчийн нөлөөнд орсон нь илт байна... эдгээр үйлдлүүд шүүгчийн ёс зүйд нийцэж байгаа эсэх талаар шалгаж өгнө үү” гэжээ.
... шүүхийн Ерөнхий шүүгч Ё.Б Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“...З.Э нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус аймгийн давж заалдах шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 19-ны өдөр шүүх хуралдаан товлосон. Нэхэмжлэгч нь Л.Б-ыг шинээр авсан, хэргийн материалтай танилцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, хуралдааныг 2021 оны 6 дугаар сарын 30-ний өдөр хүртэл хойшлуулсан, ингэхдээ түүний өмгөөлөгчөө сонгон авах эрхэд халдаагүй, нөлөөлөөгүй. Хэргийг анхан ба давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхэд нэхэмжлэгчийн хүсэлтээр удаа дараа хойшилдог. Миний хувьд хариуцагч Ц.Б, Б.П нарыг танихгүй, хөрш зэргэлдээ нэг байранд амьдардаггүй. Хариуцагчийг Б гэж ойлгосон учраас тэгж дуудсан байж магадгүй. 2021 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн шүүх хуралдааны үед З.Э надад холбогдуулан сахилгын хороонд өргөдөл гаргасан талаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж, намайг сүрдүүлсэн. Зохигч хэн аль нь хуульд заасан эрхээ эдэлж байгаа ч үүргээ биелүүлж хуулиа дээдлэх ёстой гэсэн зарчмын үүднээс аар саархан зүйлээр хуралдааныг хойшлуулж цаг хугацааны хувьд өөрсдөө хохирох бий гэсэн агуулгаар Булганы шүүх шүүх биш үү, хүндэтгэхгүй байна, ялгаварлаад байх бий гэсэн утгаар хэлсэн удаатай. Шүүх хуралдаан даргалж шийдвэр гаргахдаа нэг талыг барьж ёс зүйгүй авирласан үйлдлүүдийг гаргаагүй” гэжээ.
Илтгэгч гишүүн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан “Сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох санал”-даа:
1. ..Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзэх ба хуульд заасан тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгоно.
Дээр дурдсанаас үзвэл, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг 2 удаа хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан, зохигч талууд магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй байна.
Сахилгын хороо анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянах, түүний хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх эрхгүй.
Иймд “...2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн магадлалд ...миний гаргаж өгсөн баримтуудыг няцаасан үндэслэлүүдийг огт дурдаагүй, ...Нотариатч үнэнээ ярьж мэдүүлэн гэм буруугаа хүлээсээр байтал нотариатчийн үйлдлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж илт нэг талыг барьж шийдвэр гаргаж хувийн сэдэлт гаргасан” гэсэн гомдол ёс зүйн зөрчилд хамаарахгүй.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах ба шүүгчид хориглох зүйлийг хуулийн 50.1 дүгээр зүйлд нэрлэн заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т зааснаар иргэн хууль зүйн туслалцаа авах эрхтэй бөгөөд З.Э- нь анхан болон давж заалдах шатны удаа дараагийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.Э-ын хамт оролцож байсан нь шийдвэр, магадлалд тусгагдсан байна.
Өмгөөлөгч Л.Б давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд “...З.Э-ын хүсэлтээр 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулж, өмгөөлөгчөөр оролцож байгаа, өөр шүүх хуралдаан давхацсан, мөн хэргийн материалтай танилцах шаардлагатай байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах” тухай хүсэлт ирүүлснийг хангаж, шүүх хуралдааныг 2021 оны 6 дугаар сарын 8-ний өдөр хүртэл хойшлуулсан, уг хуралдаанд даргалагч ерөнхий шүүгч Ё.Б “аль шүүхийн мэдэгдэх хуудас вэ. Шүүх хуралдаан давхацсан байна. ... шүүх шүүх биш үү, шүүхээр тоглоод байх юм. Байгаа газраасаа өмгөөлөгч авч болдоггүй юм уу, эрхээ мэдэж байгаа бол үүргээ мэдэх хэрэгтэй, эрх үүрэг хамтдаа байдаг, тухайн хэрэг нь шийдэгдэхгүй 1 жил гаран болж байгаа буюу шүүх хуралдаан товлосон цагтаа хийгдэхгүй байгаа шалтгаан нь хэргийн оролцогчдоос өөрсдөөс нь болж байна...” гэсэн тайлбар хийсэн нь тэмдэглэлд тусгагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-т давж заалдах гомдол гарсан хэргийг шүүх хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэхээр заасан.
Давж заалдах шатны шүүх хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авснаас хойш хянан хэлэлцэх хуульд заасан хугацаа өнгөрсөн, өмнөх хуралдаанаар өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн, мөн шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Шүүгч “...байгаа газрынхаа өмгөөлөгчийг авч болдоггүй юм уу...” гэж хэлэхдээ шүүх хуралдааныг хойшлуулж цаг хугацааны хувьд өөрсдөө хохирох бий гэсэн агуулгаар хэлсэн гэсэн тайлбар гаргасан бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөө сонгох эрхэд халдсан гэж үзэх боломжгүй, Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-т заасан “...хэргийн оролцогчтой зүй бус авирласан...” гэдэгт хамаарахгүй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т заасан үндэслэл байвал шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үүрэгтэй бөгөөд хуралдаан даргалагч шүүгч Ё.Б татгалзан гарах хүсэлт гаргаагүй байна.
Нөгөө талаар хэргийн оролцогч нь хуульд заасан дээрх үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч З.Э 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй байна.
Тэрээр 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэн хангаж шийдвэрлэснийг шүүгч хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн гэж үзэхгүй.” гэжээ.
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал болон сахилгын хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн З.Э нь 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ ... шүүхийн Ерөнхий шүүгч Ё.Б-д холбогдуулан ёс зүйгүй авирласан гэх агуулга бүхий гомдол гаргасныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоож хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаар захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
... шүүх 2019 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн шүүх хуралдаанаар З.Э нарын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Б, Б.П нарт холбогдох хэргийг хэлэлцээд ... дугаар шийдвэр гаргажээ.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргахдаа “...шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах”-ыг хүссэн, ... шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн ... дугаар магадлалаар анхан шатны шүүхийн ... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа “...нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж чадаагүй, нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэж дүгнэжээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээр оролцсон З.Э Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдолдоо “...2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн магадлалд ...миний гаргаж өгсөн баримтуудыг няцаасан үндэслэлүүдийг огт дурдаагүй, ...Нотариатч үнэнээ ярьж мэдүүлэн гэм буруугаа хүлээсээр байтал нотариатчийн үйлдлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж илт нэг талыг барьж шийдвэр гаргаж хувийн сэдэлт гаргасан” гэжээ.
... шүүх хариуцагчийн давж заалдах гомдлоор хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд ... тоот магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “...тухайн эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг буруу тодорхойлсноос хууль хэрэглээний алдаа гаргасан...” гэж үзжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-т заасан үндэслэлээр давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 168.3-т заасны дагуу дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцаахаар тус тус заасан.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2012/[1] 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ гэж тодорхойлсон. Шүүхийн сахилгын хороо анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянах, түүний хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх эрхгүй бөгөөд энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.
2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд Ерөнхий шүүгч Ё.Б “аль шүүхийн мэдэгдэх хуудас вэ. Шүүх хуралдаан давхацсан байна. ... шүүх шүүх биш үү, шүүхээр тоглоод байх юм. Байгаа газраасаа өмгөөлөгч авч болдоггүй юм уу, эрхээ мэдэж байгаа бол үүргээ мэдэх хэрэгтэй, эрх үүрэг хамтдаа байдаг, тухайн хэрэг нь шийдэгдэхгүй 1 жил гаран болж байгаа буюу шүүх хуралдаан товлосон цагтаа хийгдэхгүй байгаа шалтгаан нь хэргийн оролцогчдоос өөрсдөөс нь болж байна...” гэсэн тайлбар хийсэн нь тэмдэглэлд тусгагдсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-т давж заалдах гомдол гарсан хэргийг шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэхээр заасан байна.
... шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн ... дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б-ы хүсэлтийг хангаж, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар тогтоолоор нэхэмжлэгч З.Э болон түүний өмгөөлөгч Д.Э нарын хүсэлтийг хангаж мөн шүүх хуралдааныг хойшлуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг болон Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн З.Э-ыг өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөө сонгох эрхэд халдсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн илтгэгч гишүүний санал нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-т зааснаар хэргийн оролцогч нь хуульд заасан үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах эрхтэй бөгөөд З.Э- нь 2021 оны 6 дугаар сар хүртэлх хуралдаануудад шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй байна. Харин 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр нэхэмжлэгч З.Э-аас тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэн хангаж шийдвэрлэснийг шүүгч ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Ерөнхий шүүгч Ё.Б-д үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн Ерөнхий шүүгч Ё.Б-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Б.СУГАР
[1] 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон.