МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-27
Дугаар 87
Улаанбаатар хот
Сахилгын хэргийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, Сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өргөдөл гаргагч Ж.Б Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ... газраас ... шүүхийн шүүгч Н.М-ын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар захирамж, ... дугаар гүйцэтгэх хуудас гарсан тухай мэдэгдлийг танилцуулж, 2 500 000 төгрөгөөр торгох тухай мэдэгдсэн. Миний бие 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ... дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч З.А-ийн ... дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч уг асуудлаар шүүхээс холбогдоогүй. Дээрх дурдсан шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг эс зөвшөөрч 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гомдол гаргасан. 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 2/273 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.8 дугаар заалтад заасны дагуу эрх бүхий албан тушаалтан харьяаллын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэр гаргасан байна, гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн байна гэсэн хариу өгсөн. Миний 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан гомдлыг шүүхээс шийдвэрлээгүйгээс шалтгаалан манай байгууллага төлбөр төлөх хэмжээнд ирээд байна. Түүнчлэн, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ... шүүх рүү хүргүүлсэн албан тоотод О.Э гэх манай байгууллагад огт байхгүй хүний нэрийг бичсэн байдаг. Үүнээс 10 сарын дараа манай байгууллагад огт мэдэгдэлгүй албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. Тухайн үед цар тахлын улмаас манай байгууллагын үйл ажиллагаа зогссон байсан. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
... шүүхийн шүүгч Н.М тайлбартаа: “Миний бие шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосны дагуу яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах болон Зөрчлийн хуулиар харьяалсан хэрэг, Гадаадын харьяатын хуулиар харьяалуулсан хэргийг авч дагнан ажилладаг. Ж.Б-гийн өргөдлийн дагуу холбогдох бүх бүртгэлийн дэвтрийг шалгахад түүний өргөдөлд дурдсан гомдол ирээгүй байна.
Гомдол гаргасан бол 2 жилийн хугацаанд ямар шүүгч дээр, хэрхэн шийдвэрлэсэн талаар лавлах ёстой байсан. ... дүүргийн Цагдаагийн ... дүгээр хэлтсийн ахлах дэслэгч З.А-ийн ... дугаартай шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэхээр Цагдаагийн хэлтсээс тус шүүхэд хүсэлт ирүүлсэн тул Зөрчил хянан шалгах тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8, 7.6 дугаар зүйлийн 9, 10 дахь хэсэгт тус тус зааснаар албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудасны хамт бичигдсэн. Мөн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ...тоотоор Ш.С-д хариу өгсөн. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Илтгэгч гишүүн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан “Сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох санал”-даа: “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.М нь ... дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч З.А-ийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамж, ... дугаар гүйцэтгэх хуудсыг гаргасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулиар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байна. Тодруулбал, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч Ж.Б нь Шүүхийн сахилгын хороонд 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ... шүүхийн шүүгч Н.М-т холбогдуулан гомдол гаргасан байх бөгөөд тухайн гомдлыг Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан бол Шүүхийн ёс зүй хороо, Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг Сахилгын хороонд шилжүүлнэ” гэж заасны дагуу 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэж, харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.
... дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1071138 дугаартай шийтгэврийн хуудсаар “Х” ХХК-д Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл оногдуулж, шийтгэлийг холбогдох компани сайн дураараа биелүүлээгүй гэсэн үндэслэлээр торгох шийтгэлийг албадан гүйцэтгүүлэхээр тус цагдаагийн хэлтсээс ... шүүхэд хүсэлт хүргүүлснээр ... шүүх албадан гүйцэтгүүлэхээр захирамж гаргажээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тогтоосон хугацаанд шийдвэрийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяалах шүүхэд хүсэлт гаргана”, 9-т “Шүүх энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасан хүсэлтийг ажлын 2 өдрийн дотор шийдвэрлэх бөгөөд хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзвэл албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичнэ.”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 139 дугаар зүйлийн 139.2 дахь хэсэгт “Шийтгүүлсэн этгээд зөрчлийн хэргийн талаарх шийдвэрийг тогтоосон хугацаанд үл биелүүлсэн, эсхүл оргон зайлсан бол шийтгэл оногдуулсан албан тушаалтан шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хандана.” гэж тус тус зохицуулсан байх бөгөөд илтгэгч гишүүн саналдаа “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.М нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч З.А-ийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамж, ... дугаар гүйцэтгэх хуудсыг гаргасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулиар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байна. Тодруулбал, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн, өргөдөл гаргагч нь ... шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “...” дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, гомдол гаргасан ч одоо болтол шийдээгүй, хариу өгөөгүйгээс болоод манай байгууллага хохироод байна гэх агуулгыг дурдсан байх бөгөөд сахилгын хэрэгт авагдсан нотлох баримт болох 2019, 2020 онуудын ирсэн баримт, бичгүүдийн бүртгэл, 2020 оны анхан шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл, өргөдөл, хүсэлт хүлээн авсан бүртгэлүүдэд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Х” ХХК болон холбогдох этгээдүүдээс гаргасан гэх гомдол бүртгэгдээгүй, мөн тус шүүхийн тамгын газарт 2019 оны 02 дугаар сараас эхлэн ажилласан мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн Б.А болон Ерөнхий шүүгчийн туслах Ж.У нарын тайлбар зэрэг баримтуудаар Ж.Б нь тус шүүхэд гомдол гаргасан гэх байдал тогтоогдохгүй байна.
Иймд Сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын сарын 14-ний өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, шүүгч Н.М-т үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Н.М-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
О.НОМУУЛИН