МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-16
Дугаар 69
Улаанбаатар хот
Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож,
сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн О.Номуулин, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал, сахилгын хэргийн оролцогч Г.Э нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар ... шүүхийн шүүгч Г.Э-ийг сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өргөдөл гаргагч Н.Н өргөдөлдөө: “...2020.10.27-ны шүүх хуралд Шүүгч Г.Э, О, У нар хариуцагч талын Б, нэхэмжлэгч талын Н-миний уншуулахыг хүссэн нотлох баримтуудыг шүүгч Э хавтаст хэргийн хуудсыг эргүүлж байснаа тийм баримт алга гээд уншиж өгөөгүй...”, “... дутуу нотлох баримтаар шийдвэр гаргаж хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хохироож байгаа нэхэмжлэлийн хэргийг анхан шат руу буцаалган дахин хэлэлцүүлэгт оруулж гомдлыг барагдуулж өгнө үү” гэх агуулгыг дурджээ.
Илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтдээ:
Гомдол гаргагчийн “Хүүхдийн ээж би Солонгост эмчлүүлэх эмчилгээний 2 жилийн хугацааг тодорхойлсон нотлох баримтыг уншуулъя гэхэд хавтаст хэрэгт байхгүй байна гэж бас уншаагүй” гэх гомдлын хувьд шүүх хуралдааны дуу, дүрс бичлэгт хийсэн үзлэгээр Бичлэг 2т: NVR_ch1main_20201027150000…-ийн 00:00:35-00:00:44 хоромд: “-нэхэмжлэгч Н.Н: ... 2 жилийн хугацаатай гээд эмчилгээний хугацаа заасан байгаа биз ...
-шүүгч Г.Э: за эмчилгээний хугацаа 2 жил гэсэн байна. За та тайлбараа дараа нь хэл дээ...” гэж хэлсэн болох нь нотлогдож байна.
... шүүхийн 2020.10.27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд ... дугаар тэмдэглэлийн 8 дугаар нүүрэнд “...Даргалагчаас: Солонгос улсын ямар эмнэлэгт хагалгаа хийлгэх гэж байгаа вэ?” гэж асуусны дараа бичлэгт дээр хэлэгдсэн үг өгүүлбэр тэмдэглэлд тусгагдаагүй байх бөгөөд тус шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг даргалагч шүүгч Г.Э гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, хуралдааныг дуу, дүрсний бичлэгээр баталгаажуулах нь шүүх хуралдааны нарийн бичгийн даргын үүрэг боловч Шүүхийн захиргааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь уг үүргээ шүүх хуралдаан даргалагчийн удирдлага дор хэрэгжүүлэхээр заасан байна.
Шүүхийн ёс зүйн хорооны гишүүний 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаар захирамжаар томилсон шинжээчийн дүгнэлт, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Шүүхийн ёс зүйн хорооны референт О.Отгонсайханы видео бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 93 дугаар хуудас/ зэргээс шүүгч Г.Э- нь Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн нь нотлогдож байна” гэжээ.
Шүүгч Г.Э тайлбартаа: “...Шүүгч Г.Э би Н.Н-ийн нэхэмжлэлтэй ..., ... холбогдох гэм хорын хохиролд 350,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг бүхэлд нь шинжлэн судалж, хэргийн оролцогч нарын хүсэлтээр бичмэл баримтуудыг шүүх хуралдаанд уншиж сонсгосон бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны тэмдэглэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан "нотлох баримтыг шинжилсэн байдал"-аар буюу "Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг бүхэлд нь шинжлэн судлав" гэж тэмдэглэж, шүүх хуралдааны бичлэг архивт хадгалагдаж байгаа болно.
Хэргийн оролцогчдын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3,-т "Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна." зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай, зөрүүтэй гэх санал гараагүй, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын бичсэн тэмдэглэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүилийн 96.1 дэх хэсэгт заасантай нийцэж байсан тул шүүх хуралдааны даргалагч Г.Э би гарын үсэг зурж баталгаажуулсан учраас Монгол улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй" гэж заасан үүргээ бүрэн биелүүлсэн” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Н.Н ... шүүхийн шүүгч Г.Э, Н.О, Ө.У, О.О нарт холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 10, 2021 оны 01 дүгээр сарын 21, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тус тус Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргажээ.
Уг гомдлыг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Шүүхийн ёс зүйн хорооны гомдол хянан хэлэлцэх хуралдаанаар хянан хэлэлцэж, 91 дүгээр тогтоолоор ... шүүхийн шүүгч Г.Э-ийг Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж бүрэлдэхүүн дүгнээд сахилгын хэрэг үүсгэж, ... шүүхийн шүүгч Н.О, Ө.У, О.О нарт сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Өргөдөлд дурдсан шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэх шүүх хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болсон байх тул 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ...” гэж зааснаар 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон хэм хэмжээ, мөн Шүүхийн ёс зүйн хорооны болон Шүүгчийн ёс зүйн дүрэм хэрэглэгдэнэ. Харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын овог, эцгийн нэр, нэр, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ” гэж заасны дагуу шүүгч Г.Э нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд нотлох баримтыг бүхэлд нь шинжлэн судалсан тус өдрийн хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.
Шүүх хуралдааны тэмдэглэлд нотлох баримтыг бүхэлд нь шинжлэн судалсан талаар тусгахдаа агуулгыг алдагдуулахгүйгээр бичсэн нь шүүгч хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүхийн нотолгооны хэрэгслийн нэг төдийгүй шүүх мэтгэлцэх зарчмыг хэрхэн хэрэгжүүлж байгаа болон шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэр зэрэг сахин биелүүлж байгааг харуулах баримт юм.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т “Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно. Тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна” гэж тус тус заасны дагуу шүүгч тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг хянаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны биелэлтэд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлсэн нь сахилгын хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгчийн гарын үсэг зурагдсан байдлаар нотлогдож байна.
Харин Илтгэгч гишүүний сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд:
“Шүүхийн ёс зүйн хорооны гишүүний 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаар захирамжаар томилсон шинжээчийн дүгнэлт, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Шүүхийн ёс зүйн хорооны референт О.Отгонсайханы видео бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 93 дугаар хуудас/ зэргээс шүүгч Г.Э нь Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн нь нотлогдож байна” гэсэн нь Улсын Дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар тогтоолын ХЯНАВАЛ хэсэгт "Анхан шатны шүүх шүүх хуралдааныг дэг зөрчиж, нотлох баримт дутуу шинжлэн судалсан, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг уншуулж, танилцуулаагүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна. Анхан шатны шүүх шүүх хуралдааныг зохих журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг шинжлэн судалсан байх ба иргэлийн төлөөлөгч дүгнэлтээ уншиж сонсгосон нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107, 110, 113 дугаар зүйлииг зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй" гэсэн дүгнэлтээр няцаагдаж байна.
Иймд Илтгэгч гишүүний нотлох дүгнэлтэд шүүгчийг буруутгаж буй “хуралдааны бичлэгт байгаа боловч, тэмдэглэлд тусгагдаагүй” гэх үйл баримт нь шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарахгүй байна. Хуралдааны тэмдэглэл болон дүрс, дууны бичлэг аль аль нь хэргийн нотлох баримт болдог учиртай.
Дээрх үндэслэлээр илтгэгч гишүүний ирүүлсэн сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, шүүгч Г.Э-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8-д зааснаар 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН О.НОМУУЛИН
Д.ЭРДЭНЭЧУЛУУН