МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-16
Дугаар 67
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар ... шүүхийн шүүгч Г.А-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Н.Б Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ гаргасан өргөдөлдөө: “...шүүгч А шийдвэрлэх гэж байгаа маргааны талаар болон үүнээс өмнө шийдвэрлэгдсэн олон хэргийн талаар хамааралгүй олон зүйлүүдийг ярьж, хэрэг маргааны зөв бурууг урьдчилан дүгнэж, тухайн хэрэгт хамааралгүй манай байгууллагын дотоод үйл ажиллагаа, удирдлагын талаар хувийн байр сууриа илэрхийлж, хэргийн талаар урьдчилан дүгнэлт өгөх байдлаар өөрийн уур уцаарыг гаргасан. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хүсэлт гаргасны төлөө шүүгч Г.А нь хуулиар тогтоосон шаардлага, ёс зүйн хэм хэмжээг зөрчиж шүүгч хүнд тавигдах наад захын зан чанарыг умартан ажил үүргээ ёс зүйгүйгээр гүйцэтгэж байгаад харамсаж байна. ...Иймд шүүгч Г.А-ийн ёс зүйгүй үйлдэлд гомдолтой байх тул шалгаж, зохих арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.
Шүүгч Г.А урьд гаргасан тайлбараа дэмжиж Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Шүүгч миний бие хариуцагчийн төлөөлөгч Н.Б-ийн гомдолд бичсэн үг хэллэг, үйлдлийг гаргаагүй бөгөөд харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа хариуцагч байгууллага итгэмжлэгдсэн төлөөлөгч нараа солих, өмнө татгалзсан төлөөлөгчөө дахин томилох зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, хэргийг шийдвэрлүүлэхгүй удаашруулах үйлдлийг гаргаж байсан ба энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай Шийтгэврээр М хувь нийлүүлсэн нийгэмлэг ... дарга Д.Ж-г 300.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Иймээс шүүгч миний бие ёс зүйн зөрчлийг гаргаагүй болно” гэжээ
Илтгэгч гишүүн О.Номуулин сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзвэл 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг, тухайн өдрийн хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Х.Б-ийн “..удаа дараа хурал хойшлуулаад байсан учраас шаардлага тавьж байсан санагдаж байна. Хурал хойшлуулах болгонд шаардлага тавьдаг байсан. Түүнээс биш хэргийн оролцогчийг таны асуусан шиг загнаж байсныг санахгүй байна. Сүүлдээ даргад нь арга хэмжээ авч байсан” гэх гэрчийн мэдүүлэг, тухайн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцсон Н.У-ийн “...шүүгч орж ирээд уурласан зүйл байхгүй, 2-3 жилийн өмнө болсон болохоор сайн санахгүй байна. Улаанбаатар төмөр замын хэрэг дандаа хойшилдог байсан. Нэхэмжлэгч нь хурлаа хийлгэмээр байна, арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэлт гаргадаг байсан” гэх мэдүүлэг зэргээр шүүгч Г.А нь хэргийн оролцогч нартай зүй бус харьцсан, бусдад уур уцаараа гаргасан гэдэг нь нотлогдохгүй байна.
Иймд ... шүүхийн шүүгч Г.А-г Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ”, 3.2 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор хандаж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны соёлыг эзэмшсэн байна”, 2-т “Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад хүнлэг бус хандах, хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан шинжтэй үйлдлийг гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Н.Б-ийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан өргөдлийг Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албанаас холбогдох шүүгчид гардуулан шүүгч нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хариу тайлбар ирүүлжээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хууль 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан, хуучин Шүүхийн ёс зүйн хороонд ирсэн өргөдөл, мэдээлэл 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гишүүдэд хуваарилагдсан тул мөн өдрөөс хугацааг тооцож сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн ба Шүүхийн сахилгын хорооны гишүүн шүүгч Г.А-д холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр сахилгын хэрэг үүсгэн шалгаж, өргөдөлд дурдсан үйл баримт нь сахилгын хэрэг мөн эсэхийг дүгнэж, холбогдох гэрчүүдээс гэрчийн мэдүүлэг авсан байна.
Өргөдөлд дурдсан шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэх шүүх хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр болсон байх тул 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ...” гэж зааснаар 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон хэм хэмжээ, мөн Шүүхийн ёс зүйн хорооны болон Шүүгчийн ёс зүйн дүрэм хэрэглэгдэнэ. Харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.
2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Х.Б болон тухайн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцсон Н.У-ийн гэрчийн мэдүүлэг, Сахилгын хэрэгт авагдсан ... шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс үзэхэд шүүгч Г.А-ёс зүйгүй авирласан, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ”, 3.2 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор хандаж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны соёлыг эзэмшсэн байна”, 2-т “Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад хүнлэг бус хандах, хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан шинжтэй үйлдлийг гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин тухайн өдрийн шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т “ Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хариуцагч талыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа саад учруулж байна гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу торгох шийтгэл ногдуулсан нь шүүгчийн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй юм.
Иймд илтгэгч гишүүний санал нь үндэслэлтэй байх тул сахилгын хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, шүүгч Г.А-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8-д зааснаар 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН Г.ЦАГААНЦООЖ
Д.ЭРДЭНЭЧУЛУУН