МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-01-10
Дугаар 1
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шийдвэрлэх тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан Сахилгын хорооны хуралдааны 705 тоот танхимд хийв.
Тус хуралдаанаар иргэн Ч.Э-ийн гомдлоор ... шүүхийн шүүгч Ш.О-д холбогдуулан Шүүхийн ёс зүйн хорооноос 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр үүсгэсэн сахилгын хэргийг, гишүүн Г.Цагаанцоожийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч иргэн Ч.Э- гомдолдоо:
"Доорх гомдлыг ... шүүхийн шүүгч Ш.О-д холбогдуулан гаргаж байна. Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн "Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай" 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 31-03/54 тоот актаар надад төлбөр тавигдсан бөгөөд маргааныг Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Улсын дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн юм. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарчхаад байхад ... 31-03\54 тоот актыг баталгаажуулахаар ... шүүхийн хүсэлт гаргасан байна. Хүсэлтийг шүүгч Ш.О- хүлээн аваад 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1059 тоот захирамжаар Улсын байцаагчийн актыг баталгаажуулан, гүйцэтгэх хуудас бичсэн байна. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэртэй хэрэгт иргэний хэргийн шүүхийн шүүгч захирамж гарган, гүйцэтгэх хуудас олгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд шүүгчийн 1059 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд гомдол гаргасан боловч шүүгч Ш.О- 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1185 дугаартай "Гомдол шийдвэрлэх тухай" захирамжаар "...захирамжийг хүчингүй болгохоос татгалзаж.,.", "...гомдол гаргах эрхгүй..."-гээр шийдвэрлэсэн. Ингэснээр Шүүгчийн 1059 дугаартай захирамж хэрэгжих шатандаа орж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20.1-т шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, ...бусад хууль...д захирагдана гэж заасан. Гэтэл Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн хэрэгжих үйл явцад иргэний хэргийн шүүхийн шүүгч хөндлөнгөөс оролцон захирамж гарган, гүйцэтгэх хуудас бичиж байгаа нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн ...Шүүгч нь бусад шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно..., Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй... гэсэн заалтыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл шүүгч хууль, ёс зүйн дүрэмдээ захирагдсангүй. Шүүгч 1059 дугаартай захирамждаа ИХШХШТХ-ийн 184 зүйлийг удирдлага болгосон. 184.1-т акт баталгаажуулахад ямар үйл явц хамаарахыг тодорхойлж өгсөн. Харин энд "хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр" гэж заагаагүй учраас "шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр баталгаажсан актыг баталгаажуулна" гэх ойлголт байхгүй гэж үзэж байгаа юм. Актын зөв бурууг шүүх шалгаж, шийдвэрлэсэн. Энэ нь тогтоогдсон үйл баримт болно. Тэр тусмаа захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр баталгаажсан, маргааныг шийдвэрлэсэн актыг иргэний хэргийн шүүхийн шүүгч баталгаажуулах үндэслэлгүй. Харьяалал зөрчин хүсэлтийг хүлээн авснаар шүүхээс хууль бус шийдвэр гарах суурь тавигдсан. Шүүгч хуулиа мэдсээр байж санаатайгаар ийнхүү хүлээн авч шийдвэрлэж байгаа нь хууль хэрэглээндээ алдаа гаргаж, илт ашиг сонирхлын үүднээс нөгөө талд үйлчилж байна гэж хардах үндэслэл болж байна. Хууль буруу хэрэглэсэн, хууль бус захирамж хэрэгжиж миний эрх ашгийг хөндөж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас банкин дахь хувийн данс хаах, эд хөрөнгө битүүмжлэх зэрэг ажиллагаа явагдаж байгаад гомдолтой байна. Хуулийн дагуу гарсан шүүгчийн захирамжийг үндэслэн ийм ажиллагаа явуулж байгаа бол гомдохгүй байсан. Шүүгчийн хууль хэрэглээний алдааны улмаас 1059, 1185 дугаартай захирамжууд дээрх байдлаар хууль зөрчиж, хууль бусаар гарсан гэж үзэж байгаа бөгөөд гомдол гаргах эрхгүй учраас шүүгчийн захирамж гаргасан үйл явц нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэхийг тогтоож, гомдлыг шийдвэрлэж өгнө үү" гэжээ.
Мөн Гомдол гаргагч иргэн Ч.Э- нэмэлт гомдол гаргасан ба түүнд:
... Шүүгч ёс зүйн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч ёс зүйн зөрчлийг гаргасаар байна. 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүх дээр шүүгч Ш.О-тэй таарч ёс зүйн хороонд гомдлоо гаргасан тухайгаа хэлэхэд “Тийм л байна лээ. Тэгээд яах вэ дээ. Тэд нар миний шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй биш. Их л үсрээд нэг сахилгын шийтгэл л ногдуулна биз” гэсэн хариу өглөө. Энэ нь шүүгч гэж өөрийгөө хэт өндөрт өргөж бусдыг үл тоож илт басамжлан доромжилсон, бардамнасан, дээрэнгүй хандсан өнгө аястай сонсогдсон ба Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-т “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах”-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хажууд байсан шүүгчийн туслах залуучууд ч энэхүү харьцааг анзаарсан байхаа...” гэжээ.
... шүүхийн шүүгч Ш.О- тайлбартаа:
"Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Ч.Э-ийн гомдлыг хүлээн авч, танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн "Төсвийн хөрөнгө төвлүүлэх" тухай 2018.10.08-ны өдрийн 31-03/54 тоот актыг баталгаажуулж өгнө үү" гэсэн хүсэлтийг хүлээн авч, хүсэлт болон актын дүн зөрүүтэй байсан учраас уг актыг баталгаажуулах боломжгүй гэж баталгаажуулахаас татгалзсан болно. Гэтэл дахин актын дүнд өөрчлөлт оруулсан Захиргааны хэргийн шүүхүүдийн шийдвэрүүдийг хавсарган ирүүлсэн юм. Ч.Э- нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2019 оны 6 дугаартай шийдвэрээр “актаар тогтоосон төлбөрийн хэмжээг 2177316 төгрөгөөр багасган, бусад хэсгийг нь хэвээр үлдээж” шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон байсан юм. Энэ хэргийг шийдвэрлэсэн ..шүүгч Б.Б-той уулзаж энэ шийдвэртээ гүйцэтгэх хуудас бичсэн эсэхийг асуухад бичээгүй, манайх Ч.Э-ийн нэхэмжлэлтэй акт хүчингүй болгуулах тухай хэргийг шийдвэрлэхдээ актыг хүчингүй болгоогүй, Э-ээс шүүх төлбөр гаргуулахаар шийдвэрлээгүй, захиргааны актын биелэлтийг захиргааны хэргийн шүүх хариуцахгүй, шийдвэр гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтан өөрөө хариуцах ёстой учраас гүйцэтгэх хуудас бичихгүй, манай шүүх улсын байцаагчийн актыг баталгаажуулах эрх хэмжээ байхгүй гэсэн юм. Сүхбаатар аймгийн ..шийдвэрээр Ч.Э-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж актыг хүчингүй болгоогүй тул уг актыг хүчин төгөлдөр, хууль ёсны дагуу гарсан гэж үзсэн болно. Мөн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг баталгаажуулж, гүйцэтгэх хуудас бичсэн асуудал биш, улсын байцаагчийн актыг баталгаажуулсан болно. Иймд Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 1-д заасан журмын дагуу актыг баталгаажуулсан захирамж гаргаж, багасгасан хэмжээгээр гүйцэтгэх хуудас бичсэн юм. Энэ захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг Ч.Э- шүүхэд ирүүлснийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж татгалзсан юм. Шүүгч уг хүсэлтийг шийдвэрлэхдээ ямар нэгэн байдлаар ёс зүйн зөрчил гаргаагүй тул гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Илтгэгч гишүүн Г.Цагаанцоожийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-д:
“Шүүхийн сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоож би, шүүгч Ш.О-д холбогдох сахилгын хэргийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч танилцав. Ч.Э- нь ... шүүхийн шүүгч Ш.О-д холбогдуулан гомдол гаргасан байх ба Шүүхийн ёс зүйн хорооны 2021.06.02-ны өдрийн 83 дугаар тогтоолоор холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэжээ. Дээрх тогтоолд гомдол гаргагч Ч.Э- болон шүүгч Ш.О- нар тус тус гомдол гаргасан байна. 2021.03.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.15-т “сахилгын хорооны гишүүдийн гуравны хоёр нь бурдсэнээр түүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно” гэж заасан. Шүүхийн сахилгын хороо 2021.11.18-ны өдөр бүрдэж, 2021.11.29-ны өдөр тус хорооны дарга сонгогдож, улсын бүртгэлд бүртгэгдсэн. Сахилгын хорооны зөвлөгөөнөөр баталсан журмын дагуу дээрх хэргийг 2021.12.06-ний өдөр хүлээн авсан ба Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021.12.20-ны өдрийн 108 дугаар зарлигаар өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн гэх үндэслэлээр Ш.О-ийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн, уг зарлигийг 2022.01.03-ны өдөр хүлээн авсан болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилогдож, шүүгчийн тангараг өргөсөн, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Монгол Улсын иргэнийг шүүгч гэж тодорхойлсон ба 54 дүгээр зүйлийн 54.2-т "шүүгчид зөвхөн энэ хуульд заасан үндэслэл, журмаар сахилгын шийтгэл оногдуулна" гэж заасан. Ш.О-ийн шүүгчийн бүрэн эрх дуусгавар болсон нь тогтоогдсон байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2, 105.3-т сахилгын хэрэг үүсгэсний дараа явуулах шалгах ажиллагааг зохицуулсан бөгөөд шүүгчийн ажлаас чөлөөлөгдсөн этгээдэд холбогдуулан уг ажиллагааг явуулах үндэслэлгүй болно. Түүнчлэн шүүгч сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд Сахилгын хороо Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан 5 төрлийн сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна. Энэхүү сахилгын шийтгэл нь ажил үүргээ гүйцэтгэж байгаа шүүгчид хамааралтай бөгөөд бүрэн эрх нь дуусгавар болсон шуүгчид оногдуулах сахилгын шийтгэлийн талаар хуульд тусгайлан зохицуулаагүй байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах ба Ш.О-ийн шүүгчийн бүрэн эрх дуусгавар болсон, энэ тохиолдолд түүнийг хуульд заасан сахилгын зөрчил гаргасан эсэхийг шалгаж шийдвэрлэх, сахилгын шийтгэл ногдуулах боломжгүй тул үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхийн ёс зүйн хороонд 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн Ч.Э-ийн гомдлыг Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албанаас ... шүүхийн шүүгч Ш.О-д 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гардуулан, шүүгч нь 2020 оны 10 дугаар сарын 9-нд тайлбар, холбогдох баримтын хамт ирүүлсэн байна.
Шүүхийн Ёс зүйн хороо нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 83 дугаар тогтоолоор сахилгын хэрэг үүсгэжээ. Тус тогтоолын Үндэслэх хэсэгт “...Шүүхийн ёс зүйн хорооны гомдол хянан хэлэлцэх хуралдаанаар иргэн Ч.Э-ийн гомдлыг хянан хэлэлцээд гомдол дурдсан асуудал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байх тул Монгол улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасныг үндэслэн ... сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэлээ. Харин гомдол гаргагчийн нэмэлт тайлбарт дурдсан шүүгч Ш.О- нь иргэн Ч.Э-ийг доромжилсон гэх үйлдэл нь гомдол гаргагчийн тайлбар, бусад баримтаар нотлогдож байна. Иймд Монгол улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 1-д “”Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ” гэснийг зөрчсөн байна гэж ... дүгнээд ... шүүгч Ш.О-д сахилгын хэрэг үүсгэх нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.
Шүүхийн ёс зүйн хорооны сахилгын хэрэг үүсгэсэн 83 дугаар тогтоолд Ч.Э-ээс “... хуулиар тогтоосон харьяалал зөрчсөн, бусад шүүхийн болон шүүгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон, хуулиар олгогдоогүй эрх эдэлсэн идэвхтэй үйлдэл нь “Зохисгүй байдал”-д хамаарахаар байна” гэсэн үндэслэлээр шүүгч Ш.О-ийн хууль зөрчсөн үйлдэлд нь “сахилгын хэрэг үүсгэх”-ээр дээрх тогтоолыг өөрчлөлт оруулж өгнө үү гэж 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гомдол гаргасан байна.
Мөн шүүгч Ш.О-ээс “...Өмгөөлөгч Ч.Э- бид хоёрыг ярилцаж байхад хажууд байсан хүмүүсээс тайлбар авч, болсон асуудлыг шалгаж, тодруулахыг хүсэж байна. ... Би өмгөөлөгч Ч.Э-тэй ямар нэгэн байдлаар эвгүй харьцаагүй, ёс зүйн зөрчил гаргаагүй тул ... 83 дугаартай, “Сахилгын хэрэг үүсгэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах”-аар 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанд гомдол гаргажээ.
Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дах хэсэг, мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар Сахилгын хорооны гишүүн нь “...гомдолд дурдсан шүүгчтэй холбоотой үйл баримт нь сахилгын хариуцлага хүлээлгэх зөрчилд хамаарах эсэхийг хянан шалгах, улмаар сахилгын зөрчил гаргасан шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг”-ийг хэрэгжүүлнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаар зарлигаар шүүгч Ш.О-ийг ... шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлснөөр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-т заасны дагуу шүүгчийн бүрэн эрх дуусгавар болсон байх тул шүүгч бус этгээдэд сахилгын шийтгэл ногдуулах талаар гомдлыг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Сахилгын хорооны хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох тус хорооны гишүүн Г.Цагаанцоожийн саналыг хүлээн авч,... шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Ш.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
С.ЭНХТӨР